БНАСАУ-аас БНХАУ-д суух шинэ Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-04-15 10:12:15

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-аас БНХАУ-д суух шинэ Элчин сайд Ри Рён Нам итгэмжлэх жуух бичгээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинд өргөн барьлаа гэж БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын сонинд өнөөдөр мэдээлэв.


“Элчин сайд Ри Рён Нам итгэмжлэх жуух бичгээ өргөн барих үеэрээ удирдагч Ким Жөн Унаас Ши Жиньпинд халуун мэндчилгээ дэвшүүлснийг уламжилсан бөгөөд БНХАУ-ын дарга ч мөн Ким Жөн Унд мэнд дэвшүүлж буйгаа дамжуулахыг хүслээ” гэж “Rodong Sinmun” сонин мэдээлжээ.


Өдгөө 61 настай Ри Рён Нам нь БНАСАУ-аас БНХАУ-д суух Элчин сайдаар энэ оны хоёрдугаар сард томилогджээ. Түүнд халаагаа өгсөн Жи Жэ Рёны хувьд уг албан тушаалыг 2010 оноос хойш хашсан юм.


Ри Рён Нам нь худалдаа, эдийн засгийн чиглэлээр ажиллаж байсан өргөн туршлагатай бөгөөд 2008 онд Худалдааны сайдаар, 2016 оныг хүртэл Гадаад худалдааны сайдаар ажиллажээ.


БНАСАУ БНХАУ-д суух Элчин сайдаар түүнийг томилсон нь худалдааны хамгийн том түнштэйгээ эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг зорьж буйг илтгэн харуулж байна хэмээн үзэж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ