Японы дахин дөрвөн мужид коронавирустэй тэмцэх арга хэмжээг чангатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-04-16 10:05:37

ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар коронавирустэй тэмцэх арга хэмжээг чангатгах бүсийг өргөжүүлж, Токиотой хөрш зэргэлдээ орших Канагава, Сайтама, Чиба, мөн Хоншю арлын төвд орших Айти гэсэн дөрвөн мужийг нэмж орууллаа.


Энэ тухай Японы эдийн засгийг сэргээх асуудал эрхэлсэн сайд Ясүтоши Нишимура өнөөдөр болсон шинжээчдийн комиссын хуралдааны үеэр  мэдэгдэв.


“Бид халдварын тархалтын байдал хүндэрч байгаатай холбогдуулан Канагава, Чиба, Сайтама, Айти мужуудыг коронавирустэй тэмцэх арга хэмжээг чангатгах бүсэд оруулахаар шийдвэрлэсэн. Эдгээр бүс нутагт авах арга хэмжээ дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 11 хүртэл хэрэгжинэ. Эцсийн шийдвэрийг өнөө орой Засгийн газрын штабын хуралдаанаар батална” гэж тэрбээр хэлжээ.


Дөрөвдүгээр сарын 12-ны даваа гаргаас Токио болон баруун Киото мужид, мөн тус улсын хамгийн өмнөд муж болох Окинавад коронавирусний халдварын тархалттай тэмцэх арга хэмжээг чангатгасан юм. Түүнчлэн Осака, Мияги, Хёго гэсэн баруун гурван мужид  хэрэгжиж байна.


Шинэ хязгаарлалтын хүрээнд нийтийн хоолны газрууд 20:00 цагт хааж, нэг цагийн өмнө согтууруулах ундаа зарахаа зогсоож байгаа юм. Жижиг, дунд рестораны бизнес эрхлэгчдийн хувьд эдгээр шаардлагыг биелүүлснийх нь төлөө өдөрт 40 мянгаас 100 мянга хүртэл иений (365-915 ам.доллар) нөхөн олговор олгоно. Харин заасан цагт хаагаагүй тохиолдолд 200 мянга хүртэл иений (1830 ам.доллар) торгууль ногдуулна. Коронавирустэй тэмцэх арга хэмжээг чангатгасан бүс нутгуудын оршин суугчдад халдварын тархалтын эрсдэлийг бууруулахын тулд аль болох мужаасаа явахгүй байхыг зөвлөж байна.


Хамгийн сүүлийн мэдээгээр, Японд халдвар авсан нийт хүний тоо 519 мянга давж, 9500 гаруй хүн нас баржээ.


Холбоотой мэдээ