“Хилчин” спорт хорооны даргаар М.Баяржавхланг томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-21 13:12:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гарьд Махгалын Баяржавхланг Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын “Хилчин” спорт хорооны даргаар томилжээ.


Мөн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзоригийн тушаалаар Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, улсын гарьд М.Баяржавхланд хурандаа цол олгосон байна. "Хилчин" спорт хорооны даргаар өмнө нь хурандаа Д.Бат-Эрдэнэ ажиллаж байсан юм. 


Ташрамд сонирхуулахад, М.Баяржавхлан үндэсний бөхөөр барилдаж 2001 онд Улсын наадамд 6 давж улсын өсөх идэр начин болж, 2003 онд 6 давж улсын харцага цол хүртсэн. Улмаар 2006 онд 7 давж улсын заан, 2011 онд 8 давж улсын гарьд цол хүртсэн бөгөөд 2012 онд 6 давж Цогт гарамгай чимэг хүртсэн билээ. Тэрбээр, 2008 оны Бээжингийн олимпын нээлтэд Монголын багийн тугчаар жагссан бөгөөд тус олимпын жүдо бөхийн хүнд жинд оролцож, эхний даваандаа Польшийн Януш Войнаровичид 24 секундэд цэвэр ялагдан тэмцээнээ дуусгаж байжээ.

Холбоотой мэдээ