Япон, Энэтхэг “2+2” уулзалтаа хойшлууллаа

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2021-04-21 13:21:50

ТОКИО. /NHK/. Япон, Энэтхэгийн Засгийн газар Энэтхэгт коронавирусний халдварын тохиолдол олноор нэмэгдэх болсонтой холбогдуулан Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нарын уулзалтыг хойшлуулжээ.


Япон, Энэтхэг “2+2” хэлбэрийн хоёр дахь уулзалтаа Токио хотноо энэ долоо хоногт хийхээр товлоод байсан юм.


Гэвч Энэтхэгт энэ долоо хоногийн эхнээс өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 200 мянга давах болж, даваа гарагт 270 мянга гаруй тохиолдол шинээр илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Үүнтэй холбоотойгоор Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманьям Жайшанкар, Батлан хамгаалахын сайд Ражнатх Сингх нар Японд айлчлах хугацаагаа хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.


Мөн Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ энэ сарын сүүлээр Энэтхэгт айлчлахаар төлөвлөж байгаа боловч Засгийн газар тус улсын нөхцөл байдлыг анхааралтай ажигласны дүнд эцсийн шийдвэрийг гаргах ажээ. 

Холбоотой мэдээ