Ц.Эрдэмбилэг: Эсрэг бие ямар хэмжээтэй үүссэн байгаагаар дархлаа тогтцыг шалгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-04-22 23:25:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын өнөөдрийн хуралдааны дараа ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нар сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Хоёрдугаар тунгаа хийлгэсэн иргэнд дархлаа тогтсон эсэхийг хэрхэн тогтоох вэ. Ямар заавар зөвлөмж өгөх вэ?

Ц.Эрдэмбилэг: ЭМЯ-ны дэргэд эрдэмтдийн баг судалгааны ажил хийж байна. Вакцины нэг болон хоёрдугаар тунгийн дараа тодорхой хугацаанд цусанд Ковидын эсрэг бие үзнэ. Эсрэг бие ямар хэмжээтэй үүссэн байна вэ гэдгээр дархлаа тогтцыг шалгана. Судалгааны эхний үр дүн гармагц иргэдэд мэдэгдэнэ. Нэг болон хоёрдугаар тун тарьснаас дор хаяж 2-3 долоо хоногийн дараа дархлаа тогтоно. Вакцинаасаа хамаарч эмнэл зүйн туршилт судалгаагаар янз бүрийн хувьтай байгаа. Шинэ вакцин учраас цаашид ч судалгаа үргэлжилнэ. Ер нь ямар хугацаанд дархлаа тогтож байгааг дэлхий даяар судалж байгаа. Бид  ч мөн судална. Судалгааны багийнхан маань нотологоонд суурилсан тоо баримтыг танилцуулна.


-Маргаашаас олон цэгт вакцин хийнэ. Шинж тэмдэг илрээд буй иргэд хаана шинжилгээ өгөх вэ. Дүүрэг бүрт нэг цэгт шинжилгээ авч байгаа нь эрсдэл үүсгэж байна.  Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Б.Бямбадорж: -Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвд хандана. Өрхийн эрүүл мэндийн төвүүд очиж тухайн хүнд эрүүл мэндийн үзлэг хийх, хавьтагчийг тодорхойлох, эмнэлгийн үнэлгээ хийх, шаардлагатай тохиолдолд эмнэлэгт хэвтүүлэх тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Ковидын халдвар авсан иргэнд зургаан сонголт бий. Иргэн бие дааж халдварын шинж тэмдэг илэрсэн болон утсаар ярих call center ажиллаж байна.

Мөн gerege.mn болон ЭМЯ-ны цахим хуудсаар асуулга, шинж тэмдгийг үнэлэх, түргэвчилсэн тест, мэргэжлийн хүмүүсийн оролцоотой өөрийгөө үнэлэх, өрхийн эмчийн цахим хяналт, дуудлагаар гэрээр нь очиж шинжилгээ авах, шаардлагатай бол эмнэлэгт хүргэх үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, өчигдөр шинээр илэрсэн тохиолдлын 80 гаруй хувьд нийт 82 явуулын баг очиж ажилласан. Өмнөх өдрүүдэд хоногтоо 50-60  хүн түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдэж байсан бол өнгөрсөн шөнө 16 хүн хүргэгдсэн. Энэ нь өрхийн эрүүл мэндийн тусламж сайжирч хүндээ хүрч байна гэсэн үг юм.

Холбоотой мэдээ