Хилийн боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар тохиролцов
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод суугаа Консул Т.Мөнхгэрэл тус хотын дэд дарга Цогзолтой энэ сарын 14-ний өдөр уулзаж, Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр хоёр тал цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцсоны үндсэн дээр Замын-Үүд-Эрээн автозамын боомтоор нэвтрүүлэх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцов.
Сүүлийн үед манай улсад цар тахлын халдварын тохиолдол нэмэгдэж байгаа ч хоёр тал халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, энэ сарын 15-ны өдрөөс эхлэн ачаа тээврийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж өдөрт 100 авто машиныг тогтмол нэвтрүүлж эхлээд байна.
Мөн Эрээн боомтоос холбогдох татвар, хураамж, хувь хүний эрүүл ахуйн хамгаалалтын хэрэгслийн үнэ болон ариутгалын зардлыг шат дараатай бууруулах арга хэмжээ авч буйгаа мэдэгдээд, уг шийдвэр нь Эрээн боомтын хамгаалалтын бүсэд богинын тээвэр хийж буй жолооч нарын бодит орлогод нөлөөлөхгүйг онцолжээ.