Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2021-04-23 10:42:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ном нь олон төрөл ангилалтай байдаг. Мэдээллийн ба номын сангийн шинжлэх ухаанд номыг сонин, сэтгүүл цуврал хэвлэлээс ялгахын тулд нэг сэдэвт зохиол гэж нэрлэдэг. Хэвлэлтийн өмнө алдаа мадгийг хянаж засах, тойм шүүмж бичихэд зориулж хямд өртөгтэй боолтыг хэвлэх шаардлага гардаг. Түүнийг зарахын тулд хэвлэдэггүй. Ийм  учраас аль болох өртөг хямд байх ёстой болдог аж. Ном  нэг ирмэгийнхээ дагууд бэхлэгдсэн, голдуу хавтаслагдсан, дээр нь бичиг бичигдсэн цаас, илгэн цаас болон бусад эдийн цуглуулга юм. Номын нэг давхаргыг хуудас, түүний нэг талыг нүүр гэнэ.Техник, технологийн хөгжлийн төвшин дээшлэх явцад гарч ирсэн цахим бүтэцтэй номыг электрон ном гэж нэрлэжээ. Эдгээр нь номыг өнгөн тал, харагдах өнцгөөс нь өгсөн тайлбар бололтой. Ном энэ хэлбэр (гадаад үзэмж)-ээ олохын тулд урт замыг туулжээ. Хүн төрөлхтөн бичиг үсэгтэй болсон тэр үеэс ном бий болох эх суурь тавигджээ.


Тухайлбал, эртний иргэншлүүд бичгийн тогтцыг бодож олох үед дээр нь мөр гарах бараг бүх зүйл “чулуу, цавуун самбар, модны холтос, үйс, металл”-ыг үг, үсэг бичихэд хэрэглэж байсан гэж тэмдэглэжээ. Египтэд цагаан толгойн дагуу бичих тогтоц МЭӨ 1800 онд бүрэлдэн тогтсон гэж судлаачид тэмдэглэсэн байна. Эхэн үедээ үгийг цэг, тусгаарлах тэмдэггүйгээр, тусад нь  бус (scripta continua) бичдэг байжээ. Тодруулбал, зүүнээс баруун руу, баруунаас зүүн рүү, эсвэл хоёулангаар (нэг мөрийг зүүнээс баруун руу, дараагийнхыг эсрэгээр г.м.) нь бичиж байсан тухай тайлбар байна.


Ер нь өвлөгдөн ирсэн ном эх сурвалжийн анхны дамжуулагч нь аман дүрслэл (аман яриа, уламжлал, цуу яриа) нь мэдээ, мэдээлэл юм байна. Энэ  нь хүн төрөлхтний  эртний үед хамаарна. Хүн номтой харилцахдаа түүнийгээ урж таслахгүй сайхан цэвэрхэн хэрэглэх, хадгалах зарчим баримталж иржээ. Тийм учраас ном өвлөгдөн үлддэг онцлогтой. Өвлөгдөх гэдэг нь биетээр хадгалагдан үлдэхийг хэлж байна.


Бид номыг уншсанаар оюун ухаанаа илүү их хөгжүүлдэг. "Уншихаа боливол сэтгэхээ болино" хэмээн нэрт сэтгэгч Д.Дидро хэлжээ. Тэгвэл Монгол ардын аман зохиол ертөнцийн гуравт “номгүй хүний цээж нэг харанхуй” гэж дурддаг. Энэ бол манай монголчуудын номд өгч ирсэн үнэлгээ гэж хэлж болно. Харин одоо номын зохиолч (зохиогч) талаас  нь авч үзье.


Утга зохиол ба урлагийн бүтээлийг хамгаалах тухай 1886 онд байгуулагдсан Бернийн олон улсын төвшинд зохиогчийн эрхийг хамгаалах эрх зүйн суурь үндсийг тавьжээ. Энэ талаар уг конвенц “(1) "Утга зохиол ба урлагийн бүтээл" гэсэн нэр томьёонд бүтээсэн арга, хэлбэрийг үл харгалзан утга зохиол, шинжлэх ухаан, урлагийн бүх бүтээл, тухайлбал ном товхимол болон бусад бичмэл зохиол, лекц, хэлсэн үг, номлол болон ийм төрлийн бусад бүтээл, жүжгийн ба хөгжим-жүжгийн зохиол, номын зураг, газрын зураг, төлөвлөгөө, үлгэрчилсэн зураг, газар зүй, байр зүй, уран барилгын болон шинжлэх ухаанд холбогдох гурван хэмжээст бүтээл хамаарна.


(2) Гэхдээ бодит хэлбэрээр илэрхийлээгүй аливаа нэгэн утга зохиол, урлагийн бүтээл буюу түүний ямар нэгэн тодорхой хэсгийг хамгаалалтад авахгүй байхаар холбооны гишүүн орон хууль тогтоомжоороо тогтоох эрхээ хадгална.

(3) Утга зохиолын ба урлагийн бүтээлийн орчуулга, найруулга, мөн хөгжмийн зохиолын тохируулсан найруулга болон бусад өөрчлөлт нь эх бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүйгээр хамгаалагдана.


(4) Хууль тогтоох, захиргааны болон шүүхийн хууль зүйн шинжтэй албан ёсны бичиг баримт, мөн тэдгээрийн албан ёсны орчуулгыг хамгаалах асуудлыг холбооны гишүүн орон нь хууль тогтоомжоороо тодорхойлох эрхээ хадгална.

(5) Утга зохиол болон урлагийн бүтээлийн эмхтгэл тэдгээр эмхтгэлийг бүрдүүлж буй бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүйгээр хамгаалагдана.


(6) Энэ зүйлд дурдсан бүтээл нь холбооны гишүүн бүх оронд энэ хамгаалалт зохиогч болон түүний эрх залгамжлагчдад ашигтайгаар хамгаалагдана“ гэжээ.


Тухайн цаг үед улс орнууд зохиогчийн эрхийг голдуу хоёр талын гэрээ байгуулан хамгаалдаг байжээ. Монгол Улсын хувьд 1993 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өөрсдийн Зохиогчийн эрхийн тухай хуулийг хамгийн анх баталжээ. Зохиогч  (зохиолч)   Бернийн конвенцид 1997 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр нэгдэн орсон байна. 


"Ном нь хүн төрөлхтний үзэл бодлоо илэрхийлэх хүний үндсэн эрхийн уулзвар болж өгдөг. Зохиогчийн эрхийг зөрчих болон соёлын олон талт байдлыг үл зөвшөөрөхөөс эхлээд зохиолч, сэтгүүлч, хэвлэн нийтлэгч нарт олон бодит сорилтууд тулгардаг  хэвээрээ байна"  гэж олон улсын байгууллага онцолжээ


ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлаар жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийг Ном, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг 1995 онд баталжээ.

Холбоотой мэдээ