Дэгдээхий биш, дэгдээхэй болох нь

Лавлагаа
khandmaa@montsame.gov.mn
2021-04-29 18:16:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дэгдээхий" биш, "дэгдээхэй" гэж бичихээр журамласны учрыг энэ удаа толилуулж байна.


Монгол хэлэнд үүнтэй адил бүтэцтэй “эрвээхэй, ангаахай, жараахай, бөмбөөхэй, овоохой” гэх зэрэг цөөнгүй үг буй. Эдгээр нь дэгдэс дэгдэс, эрвэс дэрвэс гэх зэрэг дүрслэх үгийн үндсэнд “-аахай, -ээхэй, -оохой” гэсэн нэр үг бүтээх дагавар залгаж бүтжээ. Өөрөөр хэлбэл, кирилл бичгийн зөв бичгийн дүрмийг боловсруулахдаа баримталсан нэг гол зарчим нь үгийн үндэс, дагавар нөхцөлийн зүй тогтлыг нарийн харгалзан үзсэнтэй холбоотой юм.


Монгол бичгээр "-хай, -хэй" гэж нэгэн адил бичдэг төгсгөл бүхий “дэлхий, мэлхий, ээзгий” гэсэн үгс шиг “дэгдээхий” гэж бичвэл энэ үг огт буруу буюу “дэгдээ-хий” гэсэн бүтэцтэй болж эндүүрэгдэх гэмтэй аж. Тиймээс "-аахай, -ээхэй" болон "-хай, -хэй" бүтээврүүд нь бүтцийн хувьд ялгаатай гэж үзсэн байна.


Ташрамд дурдахад,”-аахай, -ээхэй” дагавар нь өгүүлэгчийн сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэх утгатай байдаг бөгөөд тухайн юмыг багасгаж, өхөөрдөх өнгө аястай болгодог байна. 

Холбоотой мэдээ