Дундговь аймгаас төрсөн гурван генерал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-28 19:59:45
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 77 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ хугацаанд Дундговь аймгаас гурван генерал төрөн гарчээ.

Хошууч генерал Чимэдийн Мижид 1985 онд Эрдэнэдалай суманд төрсөн. Тэрээр Багш нарыг бэлтгэх сургууль, ЗХУ-ын Москва хотноо Дотоод явдлын яамны дунд сургуульд суралцан төгссөн байдаг.

Ч.Мижид 1920 оноос тухайн үеийн Түшээд хан аймгийн Түшээт чин вангийн хошуу (одоогийн Эрдэнэдалай сум)-ны Тамгын газрын зарлага, туслах бичээч, эх бичээчээр ажиллаж байгаад 1928 онд цэрэгт татагдан ирж, 1 дүгээр морьт дивизэд цэрэг, 1929-1937 онд ДХГ-ын тусгай салаанд цэрэг, төлөөлөгч, тасгийн дарга, отрядын дарга, 19937-1941 онд Монгол тээхийн дарга, МАХЦ-ийн Хуягт танкийн газрын даргаар ажиллаж байжээ.

Мөн 1942 онд Дундговь аймаг анх байгуулагдахад аймгийн анхны даргаар ажиллаж байгаад Хэнтий аймгийн даргаар томилогдож, дараа нь 1949 он хүртэл Улсыг батлан хамгаалах эвлэлийн төв зөвлөлийн дарга, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядуудыг удирдах дарга, 1949-1950 онд ДЯЯ-ны АА-н хэргийг эрхэлсэн орлогч сайдаар тус тус ажиллаж байгаад цэргийн албанаас бэлтгэлээр халагдан “Хараа” амралтын даргаар томилогдож байсан.

1942 онд БНМАУ-ын СНЗ-ийн тогтоолоор түүнийг УБХТЗ-ийн даргаар томилж, Өөрийгөө хамгаалах ардын сайн дурын отрядын жанжны алдар цолоор шагнаж байсан ба олны дунд Жанжин мижид хэмээн алдаршсан байна.

1944 онд түүнд Хошууч генерал цол олгожээ. Морьт отрядын жанжин, хошууч генерал Ч.Мижид 1932 онд баруун аймгуудад гарсан зэвсэгт бослогыг дарах үйл хэрэг, 1939 оны Халхын гол, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн сайн дурын морьт отрядуудыг удирдан Долнуурын чиглэлд байлдааны үүрэг гүйцэтгэж байжээ.

Мөн Дэлхийн хоёрдугаар дайны үед Монголын ард түмнээс Зөвлөлтийн улаан армид хүргэх 3 дахь цувааны нэг хэсгийг ахлан Москва хотноо хүргэж өгч байсан аж. Тэрээр хоёр удаа Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон, Алтангадас одон, Тува улсын Хөдөлмөрийн одон, ЗХУ-ын медалиар тус тус шагнуулжээ.


Хошууч генерал Жамцын Содном 1933 онд Гурвансайхан суманд төрсөн. 1950 онд Дэлгэрцогт сумын дунд сургуулийн 7 дугаар анги, 1963-1966 онд ЗХУ-ын Москва хотын Дотоод яамны шинжээчийн дунд сургуулийг төгсөж, шинжээч мэргэжил эзэмшсэн.

1953 онд цэргийн албанд татагдаж байжээ. Тэрээр Дундговь аймгийн Хорих ангид хянагч, Аюулаас хамгаалах яамны хэсгийн төлөөлөгчөөр сум руу томилогдон, ахлах төлөөлөгч, ахлах мөрдөн байцаагчаар ажжиллаж байсан.

1966-1972 онд Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, 1973 онд Увс аймгийн Аюулаас хамгаалах хэлтсийн дарга, 1976-1989 онд ШШГЕГ-ын дарга, ЦЕГ-ын орлогч даргаар ажиллаж байжээ.

1981 онд тэрээр ШШГЕГ-аас анх удаа генерал цол хүртсэн ба Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Дундговь аймгийн Хүндэт иргэн зэрэг төр засгийн хүндтэй шагналаар шагнуулж байжээ.


Хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай 1990 онд Дундговь аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль, 1994 онд Цэргийн их сургууль, 1996 онд тус сургуулийн магистрантур, 2001 онд АНУ-ын Хуурай замын цэргийн команд штабын коллеж, 2005 онд АНУ-ын хуурай замын цэргийн дайны коллежийг тус тус төгсчээ.

Тэрээр 2001 онд Швейцар улсад НҮБ-ын цэргийн ажиглагчийн дамжаа, 2009 онд АНУ-д Батлан хамгаалахын нөөцийн менежментийн дээд дамжаа, 2010 онд АНУ-д Аюулгүй байдал судлалын дээд дамжаа, 2013 онд Япон улсад НҮБ-ын ЭСА-ны удирдлагын дээд дамжааг дүүргэж, мэргэжил дээшлүүлжээ.

Б.Баярмагнай 1994-1997 онд ЦИС-д курсийн захирагч, дамжааны багш, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар анид Батарейны захирагч, Артиллерийн дарга, сургагч багш, сургалт бэлтгэлийн албаны дарга, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг сахиулах ажиллагааны сургалтын үндэсний төвийн дарга, 2003-2006 онд ЗХЖШ-ын энхийг сахиулах ажиллагааны газарт Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, хэлтсийн дарга, 2006-2009 онд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, ЗХЖШ-т ерөнхий хянан шалгагч, Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга, 2009-2015 онд ЗХЖШ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байжээ.

Тэрээр 2003-2004 онд Ирак улсад дайны дараах сэргээн босголт, тогтвортой байдал бий болгох “Иракийн эрх чөлөө ажиллагаа”-нд, 2005-2006 онд НҮБ-ын мандаттай Сьерра-Леон улс дахь энхийг сахиулах ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багийн анхны ээлжүүдийг удирдан ажиллаж байсан юм.

Б.Баярмагнай Зэвсэгт хүчинд тасралтгүй 25 жил ажиллахдаа Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Дайчин алдар I, II, III медаль, Аюулгүй байдлын төлөө I одон, Иракт энхийн төлөө медөль, Африкт энхийн төлөө медаль, ҮАБ-ын төлөө хүндэт тэмдэг, БХЯ-ны хүндэт тэмдэг, ЗХЖШ-ын хүндэт тэмдэг, Эх орны төлөө II одон, Польш улсын “Иракийн эрх чөлөө” ажиллагааны медаль, НҮБ-ын “Энхийн төлөө медаль”, ОХУ болон Тажикистаны “Дайчин нөхөрлөл” медаль, Нийслэлийн “Хангарьд” одон, Дундговь аймгийн Хүндэт иргэн зэрэг шагналуудаар шагнуулжээ.

Тэрээр 2009 онд бригадын генерал цол, 2011 оны тавдугаар сарын 25-ны өдөр албан тушаалын зэрэглэлийн хошууч генерал цолыг хүртсэн байна. 

Холбоотой мэдээ