Ж.Безосын хөрөнгө дахин 200 тэрбум ам.долларыг давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-29 14:22:44

НЬЮ-ЙОРК. /Kommersant/. Дэлхийн хамгийн баян эрхэм Жефф Безосын хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оноос хойш гурав дахь удаагаа 200 тэрбум ам.долларыг давжээ.


“Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, хамгийн сүүлд Жефф Безосын хөрөнгө 2.2 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 201 тэрбум ам.долларт хүрчээ. Харин “Bloomberg” агентлагийн тооцоолж буйгаар түүний хөрөнгө 199 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна.


Безосын гол хөрөнгө нь "Amazon” юм. Тус компанийн хувьцаа 1.2 хувиар өсөж, нэгж хувьцаа нь 3458.5 ам.долларт хүрсэн нь Безосын хөрөнгө нэмэгдэхэд ийнхүү нөлөөлжээ.


Хөрөнгө нь 200 тэрбум ам.доллар давсан цорын ганц хүн бол Жефф Безос юм. Өмнө нь түүний хөрөнгө 2020 оны 8, 10 дугаар сард ийм үзүүлэлтэд хүрсэн байна. Дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, Бернар Арно хоёрдугаарт жагсаж байгаа бол “Bloomberg” агентлаг Илон Маскыг хоёрдугаарт оруулсан байна.

Холбоотой мэдээ