АН-ын нэр барьсан хууль бус хүсэлтийг хүлээн авахгүй байхыг мэдэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгийн 13 гишүүн тус намаас нэр дэвшигч Н.Алтанхуягийг дэмжиж буйг илтгэсэн мэдэгдэл болон холбогдох хуулийн байгууллагын дүгнэлт, шийдвэрийг Үндэсний аудитын газарт УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өнөөдөр хүргүүллээ.
Учир нь О.Цогтгэрэл тэргүүтэй АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Алтанхуягийн материалыг Үндэсний аудитын газарт хүргүүлэхэд, Улсын дээд шүүхээс тодорхойлолт авчрахыг шаардсан байна. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Парламентад суудалтай улс төрийн нам, эвсэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй байхаар заасан"-ыг онцолж, УИХ-д суудал авч сонгуульд оролцох эрх авчирсан бүлгийн гишүүд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхийг дэмжиж байгааг тодотгов. Тиймээс энэ талаарх мэдэгдлийг Үндэсний аудитын газар хүргүүлж байгааг мэдээлэв. Мөн намын тамганы маргаантай холбоотой асуудлаар гарсан шүүхийн шийдвэр, хууль хяналтын байгууллагын дүгнэлт, улс төрийн намын тухай хууль, түүнд холбогдох баримтыг нэмэлтээр хүргэж буйгаа дурдлаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 13 гишүүн гарын үсгээ зурсан энэхүү мэдэгдэлд “Ардчилсан нам 180 мянга гаруй гишүүнтэй. Төрийн эрх мэдлийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээр дамжуулан хэрэгжүүлдэг. Үндэсний хэмжээний намын хувьд Ардчилсан намын нэр барьсан аливаа этгээдийн хууль бус хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхгүй байх, Ардчилсан намын хууль ёсны нэр дэвшигч Норовын Алтанхуягийн мөрийн хөтөлбөрт яаралтай дүгнэлт гаргаж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг шаардаж байна” гэжээ.
АН-ын тамгыг шинээр С.Эрдэнэд олгосон УБЕГ-ын шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, ХЗДХ-ийн сайдын 2018 оны А/216 журмыг зөрчсөн гэдгийг нэр дэвшигч Н.Алтанхуягийн өмгөөлөгч Л.Загдаа энэ үеэр мэдэгдэв. Уг асуудлаар нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч С.Эрдэнэд байгаа тамгыг хүчингүй болгосон тул одоо О.Цогтгэрэлд байгаа намын хуучин тамга хүчин төгөлдөр болсныг онцолж байв. Тэрбээр, "2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн С.Эрдэнэ УБЕГ-т "Ц.Туваан миний тамгыг өгөхгүй байна, шинэ тамга гаргаж өгнө үү" гэсэн агуулгатай хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийн дагуу УБЕГ-ын улсын байцаагчийн шийдвэр гурав хоногийн дараа гарсан. Ингэснээр, АН-ын ашиглаж байсан тамга хүчингүй болж С.Эрдэнэд 2020 оны 12 дугаар сарын 25-нд УБЕГ-аас шинэ тамга олгосон байдаг. Үүнийг эсэргүүцэж АН-аас УБЕГ-т хандсан боловч хүсэлтийг хангаагүй. Тиймээс нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлт, С.Эрдэнэд шинэ тамга гаргаж өгсөн актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Тамганы асуудлаар шүүхийн маргаан үргэлжилснээр, 2021 оны хоёрдугаар сарын 2-нд нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарч, УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, АН-ын шинэ тамгыг хүчингүй болгож хууль ёсоор ашиглах боломжгүй болсон юм. Тэгэхээр, С.Эрдэнэд байгаа тамга өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр биш. Дээрх шүүхийн захирамж гарснаар, О.Цогтгэрэлд байгаа АН-ын хуучин тамга хууль ёсных болж байгаа юм. Энэ тамгаар явуулж буй бүх үйл ажиллагаа хүчин төгөлдөр" хэмээв.
Мөн өмгөөлөгч С.Эрдэнэсувд, улсын бүртгэлийн байгууллага эрх хэмжээгээ хэтрүүлж, хуульд заагаагүй үндэслэлээр дахин шинэ тамга олгож маргаан үүсгээд байна хэмээн тайлбар өгөв. Тэрээр, "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн наймдугаар зүйлд тамганы хяналтын дугаарыг дахин олгох үндэслэлийг дурдсан байдаг. Тодруулбал, тухайн тамга, тэмдэг гэмтэж ашиглах боломжгүй болсон, эсхүл гээгдүүлсэн, өөрчлөх хүсэлт гаргасан тохиолдолд дахин олгоно гэсэн байна. С.Эрдэнэ тамгагүй, гарын үсэгтэй хүсэлт гаргасныг нь үндэслэн УБЕГ-ын улсын байцаагч дахин олгох биш, бүр шинээр олгосон байгаа юм. Шинээр олгох асуудал нь үүсгэн байгуулагдаж, анх удаа тамга авч байгаа хуулийн этгээдэд хамааралтай. Хуучин тамга нь анхнаасаа үе үеийн дарга нараар дамжиж, одоо ч хэвийн ашиглагдаж байгаа. Хэн нэгэн авчихаад өгөхгүй байгаа бол тэр нь байгууллагын дотоод асуудал. Гэтэл улсын бүртгэлийн байгууллага эрх хэмжээгээ хэтрүүлж, хуульд заагаагүй үндэслэлээр дахин шинэ тамга олгосон" хэмээв.
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр С.Эрдэнэд байгаа тамгыг хүчингүй болгосон тул одоо ашиглавал хуурамч тамга ашигласан гэмт хэрэг болно гэдгийг сануулав. "Энэ нөхцөл байдлыг харгалзан Үндэсний аудитын газар, СЕХ эрх бүхий этгээдээс ирсэн хүсэлтийг хүлээн авч шийдэх ёстой. Түүнээс биш хууль бус тамга ашигласан, бичиг баримтын шаардлага хангаагүй хүсэлтийг АН-ынх гэж хүлээн авч болохгүй" хэмээн өмгөөлөгч С.Эрдэнэсувд мэдээллийнхээ төгсгөлд тодотголоо.
Ташрамд дурдахад, АН-ын дарга асан С.Эрдэнэ 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, намын тамгыг УИХ-ын гишүүн Ц.Туваанд шилжүүлсэн юм. Удалгүй С.Эрдэнэ АН-ын дарга хэвээр байгаагаа илэрхийлж тус нам хоёр тал болж, тус тусын шинэ даргыг сунгаа хийж тодруулаад байгаа билээ. АН-ын даргаар бүртгүүлэхээр хоёр талаас ирүүлсэн хүсэлтийг Улсын дээд шүүх өнгөрсөн мягмар гарагт хэлэлцсэн бөгөөд, намын дотоод маргаанд оролцох хуулийн боломж байхгүй тул аль аль талыг нь бүртгэхээс татгалзаад байгаа. АН-ын хоёр талаас Ерөнхийлөгчид сонгуульд тус тусын нэр дэвшигчээ тодруулаад байгаа юм.