Ч.Алтантуяа: Үндэсний бичгийн мэдлэг, чадварын судалгаа, сорилд төрийн албан хаагчдыг 100 хувь хамруулсан

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2021-05-03 18:38:18

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн БСУГ-ын Монгол хэл, уран зохиолын сургалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Алтантуяатай уулзаж ярилцлаа.

-Сэлэнгэ аймагт Хэлний бодлогын салбар зөвлөл хэдэн онд байгуулагдсан бэ? Энэхүү салбар зөвлөлийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлооч?

-Хэлний бодлогын салбар зөвлөлийг 2017 онд анх байгуулсан. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 9-ний А/106 тоот “Салбар зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай” захирамжаар шинэчлэн байгуулж, 2021 оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэн баталсан. Энэхүү төлөвлөгөөний дагуу үндэсний бичиг, соёлоо эрхэмлэн дээдлэх үзэл хандлагыг төлөвшүүлэх ажлуудыг зохион байгуулж, иргэд, олон нийтийг оролцуулснаар 2025 онд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах боломж бүрдэх юм. Хэлний бодлогын салбар зөвлөл нь монгол хэлний талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, иргэдийн монгол хэл бичиг, соёлоо эрхэмлэн дээдлэх, өвлүүлэн хөгжүүлэх үзэл хандлагыг төлөвшүүлэх үүрэгтэй юм.

-Үндэсний бичиг үсгийн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд манай аймгийн салбар зөвлөлөөс ямар ажил зохион байгуулж байна?

-"Монгол хэл бичгийн сургалтын арга зүй", багш нарын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх сургалтыг 2021 оны 1 дүгээр сараас эхлэн долоо хоногийн лхагва гараг бүр багш нарын сургалт, баасан гараг бүр сурагчдад цахим сургалтыг үндэсний сургагч, зөвлөх багш нар болон мэргэжлийн багш нарын хамт зохион байгуулсан. Энд давхардсан тоогоор 700 гаруй багш, 400 гаруй сурагчийг оролцуулан, монгол хэл бичгийн заах арга зүй, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэн ажиллаж байна. Засгийн газрын 2012 оны 37 тоот тогтоолын дагуу их, дээд сургууль, коллежид элсэхийг хүсэгчдээс авах монгол хэл бичгийн сорил шалгалтыг хоёр удаа цахимаар зохион байгуулахад 999 сурагч оролцсон. Багш нар 7 хоног бүр бүтээлч даалгавар хийж байгаа. Энд kinemaster апп ашиглан дууны үгийг үндэсний бичигт хөрвүүлэх, 6-12 дугаар ангийн үндэсний бичиг хичээлийн сурах бичигт орсон гадаад үг, өвөрмөц бичлэгтэй үг, дүрс ялган бичих үгийг хэрэглэгдэхүүн болгон бэлтгэх, “Сэлэнгэ аймаг-Монгол бичиг” цахим сүлжээнд мэдээлэл, сургалтын материал, хэрэглэгдэхүүн оруулах, сурагчдын дунд цахим уралдаан явуулах зэргээр ажиллаж байна. Мөн багш нар нийтэд түгсэн, сонсох дуртай 30 гаруй дууны үг, өөрийн сум, орон нутгийн болон сургуулийн дуунуудыг хөрвүүлж, цахим сүлжээнд байршуулан, олон нийтэд хүргэсэн.

-Сэлэнгэ аймаг үндэсний бичигт шилжихэд боловсон хүчний хувьд бэлтгэл хэр хангагдаж байна?

-Төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэг, чадварын судалгаа, сорилыг 2021 оны 4 дүгээр сард амжилттай явуулж, аймгийнхаа бүх төрийн албан хаагчдыг 100 хувь хамруулаад байна. Төрийн хэлний зөвлөлөөс маргааш /2021.05.04/ нэгдсэн дүн мэдээг танилцуулна. Сум, орон нутгийнхаа төрийн албан хаагчдад үндэсний бичгийн хичээл заах боломжтой багш нарын судалгааг гаргасан. Багш нар маань нэгдсэн хөтөлбөр, төлөвлөгөөгөөр сумынхаа төрийн албан хаагчдад үндэсний бичгийн хичээлийг зааж, 2025 он гэхэд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангаж байна.

-Зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар төрийн алба, ЕБС-ийн түвшинд ямар ахиц гарч байна?

-Зөв бичих дүрмийн журамласан толийг бага ангийн багш нарт л өгсөн. Худалдаанд гараагүй, монгол хэл бичиг, уран зохиолын багш нар цахим хэлбэрээр ашиглаж байгаа. Зөв бичих, толь бичиг ашиглахыг багш бүр зааж сурган, хичээн ажиллаж байгаа. 

-Сэлэнгэ аймгийн хувьд бичгийн соёлын дурсгалаа хэрхэн хадгалж хамгаалж байна. Энэ талаар хүүхдүүдэд соёлын өвийн боловсрол олгодог уу, салбар зөвлөл хэр анхаарч ажиллаж байна вэ?

-"Монгол Улсын Ерөнхийлөгчийн Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай" зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор "Монголын нууц товчоо"-г сурталчлах, иргэн, айл өрх, албан байгууллагууд эрхэмлэн дээдлэх аян"-ы хүрээнд Аймгийн Нийтийн номын сангаас зарласан #Монголын_нууц_товчоотой_хамт_selfie_challenge-д багш, сурагчдыг нэгтгэн, 22 сургуулийг оролцуулж, “Монголын нууц товчоог 365 хоногт” номыг уншуулж, судлуулах ажлыг хэрэгжүүлсэн.

-Эх хэлний өдрөөр аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлүүд үлгэр домог, ерөөл магтаалаа өвлөн уламжлуулах, сэргээн таниулах талаар аян өрнүүлсэн байсан. Энэ аяны зорилго биелсэн үү?

 -Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар зарлигаар жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг “Эх хэлний өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбогдуулан “Эх хэлний өдөр”-ийг цахимаар, монгол хэл, бичгийн соёлын өвийг хамгаалах, угсаатны бүлгүүдийн хэл аялгуу, ардын аман зохиолын төрөл зүйлийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр тэмдэглэн өнгөрүүлэхээр удирдамж ирүүлснийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Selenge aimgiin mongol helbichig, uran zohioliin bagsh nar фб хаалттай группт байршуулсан мэдээллийг 160 багш үзэж мэдээллийг авсан. Мөн selenge@mecs.gov.mn хаягаар цахимаар мэдээллийг хүргэсэн.  

Мэдээллийг авснаас хойш сургууль, багш нар өөрийн нөөц, боломжид тулгуурласан дараах ажлуудыг хийж, хэрэгжүүлж ажиллалаа. Тухайлбал Сайхан сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль ерөөлч магтаалч, аймгийн засуул бөх, морь цоллооч У.Эрдэнэбаатар, ахмад багш Х.Баярсайханыг урьж угалзалсан эвхмэл үсгээр бичих арга зүйд суралцуулсан. Мөн Сайхан сумын 1 дүгээр сургууль, Хөтөл тосгоны “Эрдэнэ ТВ” кабелийн телевизтэй хамтран орон нутгийн телевизээр эх хэл, бичгийн зааж байгаа багш нарын ажил, үйлсийн талаар нэвтрүүлэг бэлтгэн, олон нийтэд хүргэн, youtube-д байршуулсан. 

Баянгол, Орхонтуул, Мандал сумын Хэрх тосгоны ерөнхий боловсролын сургуулийн багш нар зөв бичих дүрэм, утгын ялгааны талаар болон эх хэлний өдрөөр зохион байгуулсан үйл ажиллагааныхаа талаар сурталчилсан. Мөн ерөнхий боловсролын лаборатори 4 дүгээр сургуулийн багш нар захчин, ойрд, торгууд, баяд, урианхай аялгууны талаар монгол хэл бичгийн хичээлээр сурталчилж ажилласан.

-Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлснээр манай аймаг, сумдад монгол бичгийн хаягжилт нэмэгдсэн үү?

-Үндэсний бичгийн сургалтын орчин бүрдүүлэх, хаягийг үндэсний бичгээр бичих чиглэлээр ажиллаж байгаа сайн туршлагууд олон бий. Тухайлбал: Сайхан сумын 1, 2 дугаар сургууль, Сүхбаатар сумын 1 дүгээр сургууль гэх мэт боловсролын байгууллагууд хаягаа үндэсний бичгээр, гэрэлтүүлэгт байдлаар хийх нь нэмэгдэж байгаа.

-Ер нь сүүлийн жилүүдэд бидний эх хэлдээ хандах хандлага сайжирч байгаа нь харагддаг. Энэ талын судалгааг аймагтаа хийж байв уу?

-Үндэсний бичиг хичээлийг 6-12 дугаар ангийн 10300 гаруй сурагчид, 98 багш зааж сургаж байна. 400 гаруй сурагч, монгол хэлний хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Засгийн газрын 2012 оны 37 тоот тогтоолын дагуу их, дээд сургууль, коллежид элсэхийг хүсэгчдээс авах монгол хэл бичгийн сорил шалгалт босго оноотой болсон. Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 он гэхэд төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах болсон зэрэг нь иргэдийн монгол хэл бичгээ эрхэмлэн дээдлэх, сурах, өвлүүлэн хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байгааг ухамсарлуулж, ойлгуулж байгаа гэж ойлгож байна.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ