Л.Мөнхзул: Хэлний бодлогын салбар зөвлөл үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-05-04 17:24:21
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаргийг эх хэл бичиг, үсгээ эрхэмлэн дээдлэх, сурталчлах, олон түмэнд таниулах зорилгоор "Үндэсний бичиг үсгийн баяр"-ын өдөр болгон тэмдэглэдэг.

Тиймээс энэ өдрөөр Дундговь аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс эх хэл, бичиг соёлоо түгээн дэлгэрүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг тодруулахаар аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Л.Мөнхзултай ярилцлаа.


-Дундговь аймагт Хэлний бодлогын салбар зөвлөл хэдэн онд байгуулагдсан бэ? Энэхүү салбар зөвлөлийн үүрэг, ач холбогдлыг тодорхойлооч?

-Хэлний бодлогын зөвлөлийг манай аймагт 2016 оны 6 дугаар сарын 16-нд аймгийн Засаг даргын А/236 тоот захирамжаар анх байгуулж, 2017 оны 7 дугаар сарын 31-нд шинэчилсэн. Одоо энэхүү бүрэлдэхүүнээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хэлний бодлогын салбар зөвлөл нь аймгийн хэмжээнд монгол хэл, бичиг үсгийг эзэмших, хэрэглэх, хамгаалах, хөгжүүлэх харилцааг зохицуулах чиг үүрэгтэй ажилладаг.

-Үндэсний бичиг үсгийн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ хүрээнд аймгийн салбар зөвлөлөөс ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Манай аймаг 2014 оноос эхлэн Үндэсний бичиг үсгийн баярыг маш өргөн хүрээнд олон ажлыг төлөвлөн зохион байгуулж, олон багш, суралцагч, төрийн албан хаагч, иргэдийг  хамруулж ирсэн уламжлалтай.

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулахад жил бүр аймгийн Засаг дарга болон иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд дэмжиж, хамтран ажилладаг. Тэдний дэмжлэгтэйгээр 10,0-25,0 сая төгрөгийг энэхүү баярт зарцуулдаг.

Энэ жил хэлний бодлогын салбар зөвлөлөөс 2021-2024 хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулан “Үндэсний бичгийн олон талт арга хэмжээ” удирдамжийн хүрээнд Монгол Улсын Ардын багш Д.Төмөртэй хамтран “Аймгийн бүх төрийн албан хаагчдад зориулсан цахим сургалт, гэрийн даалгавар challenge, цахим сорил, цахим дүгнэлт, мэдээ мэдээлэл” гээд цахимаар суралцах бүхий л талын үйл ажиллагааг хэрэгжүүлээд явж байна.

“Дундговь аймгийн төрийн албан хаагчид” гэсэн пэйж хуудас ажиллуулан үйл ажиллагааг тогтмолжуулах, Монгол бичгийн сургалт сурталчилгааны ТББ байгуулах, аймгийн төрийн байгууллагуудын албан хаагчдын нэрийн хуудас, өрөөний хаягийг үндэсний бичгээр хаягжуулах ажлыг зохион байгуулах, Үндэсний бичигтэн сум, байгууллага, төрийн албан хаагч, сургагч багш шалгаруулах олон талт ажлыг зохион байгуулж, 8,7 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөцөөс гаргахаар шийдвэрлэж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа.

Энэхүү цахим сургалтад 145 төрийн байгууллагын 3300 гаруй төрийн албан хаагч хамрагдан үндэсний эх бичгээр уншиж, бичиж сурах үйлд шамдаж байна.

Тэгэхээр энэ жил Хэлний бодлогын салбар зөвлөл болон аймгийн хэмжээнд бодлогын түвшинд  эх хэл, бичгийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хэрэглээ болгох олон ажлыг хийж, хэрэгжүүлж, үр дүнд хүрч байна.

-Дундговьд төрийн бичгийг үндэсний болон кирилл бичгээр хослуулах шийдвэр хэрэгжиж эхлэхэд боловсон хүчний бэлтгэл хэр хангагдаж байна?

-Дундговь аймгаа миний хувьд “Эх хэл бичгийн арвин их суурь түүхэн улбаатай, эрдэмтэн багш нарын өлгий нутаг гэж боддог. Учир юун гэвээс Монгол Улсын Ардын багш, гавьяат багш Д.Төмөр, гавьяат багш Б.Дэндэв, А.Доржсүрэн, З.Цэвээнравдан, Г.Бизьяажав, А.Бадамгарав, Ө.Цэндсүрэн, З.Янжмаа, Д.Жуужаа гээд эх хэл бичгийн алдартан олон багш нар байдаг. 

Түүнээс гадна Монгол Улсын зөвлөх багш Д.Отгонсүрэн, Э.Тогоохүү, тэргүүлэх зэрэгтэй олон багш нар байна. Залуу багш нар гээд ер нь мэргэжлийн багш нараар 100 хувь хангагдсан. Төмөр багш маань 16 дахь хичээлээ цахимаар заагаад, төрийн албан хаагчид монгол хэл бичгээ сурахад хүчин зүтгэл их гаргаж, мөн аймгийн Засаг дарга, Хэлний бодлогын зөвлөлөөс их сайн дэмжиж хамтран ажиллаж байгаа учраас боловсон хүчний хувьд хангагдсан гэж үзэж байгаа.

- Зөв бичих дүрмийн журамласан толь гарснаар төрийн алба, ЕБС-ийн түвшинд ямар ахиц гарч байна гэж бодож байна вэ?

-Монгол Улсын хэлний бодлогын Үндэсний зөвлөлөөс тус аймгийн монгол хэл бичгийн мэргэжлийн бүх багш нар болон бага ангийн багш нар, төрийн байгууллагуудад “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь “-ийг хүргүүлсэн. Энэхүү толийг хэрэглээ болгосноор монгол хэл бичгээ зөв бичих томоохон гарын авлага болж байна. Тиймээс зөв бичих дүрмийн талд элдэв маргаан гарахгүй, бүх багш, сурагчид зөв, цэгтэй нэг ойлголтод хүрч чадна гэж боддог. Нэг ойлголтоор явна гэдэг бол эх хэлний маань соёл өвлөгдөж, хүүхэд залуучуудын хэлний соёлын түвшинд ахиц гарна гэж харж байгаа.

-Дундговь аймгийн хувьд бичгийн соёлын дурсгалаа хэрхэн хадгалж хамгаалж байна, энэ талаар хүүхдүүдэд соёлын өвийн боловсрол олгодог уу, салбар зөвлөл хэр анхаарч ажиллаж байна вэ?

-Аймгийн Музейд 400 гаруй бичиг үсгийн дурсгал бүхий соёлын өв хадгалагдаж байна. Түүний 40 хувь нь монгол бичгээр бичигдсэн дурсгалууд байдаг ба жил бүр хүүхдүүдэд зориулсан үзэсгэлэн, булан гаргах, бусад уралдаан тэмцээн зохион байгуулах таниулах ажлыг хийдэг. Цаашид мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, үйл ажиллагааг улам эрчимжүүлэх, соёлын өвийн боловсролд онцгойлон анхаарах шаардлага байгаа.

-Эх хэлний өдрөөр аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлүүд үлгэр домог, ерөөл магтаалаа өвлөн уламжлуулах, сэргээн таниулах талаар аян өрнүүлсэн байсан. Энэ аяны зорилго биелсэн үү?

-Манай аймаг “Дуу хуурын өлгий нутаг” гэдгээрээ онцлогтой. Үлгэр домог, ерөөл магтаалаа өвлөн уламжлуулах, сэргээн таниулах ажлыг байнга хийдэг.

Манай аймгийн харьяат, Гавьяат жүжигчин, ерөөлч магтаалч Х.Цэрэнчимэд гуай дугуйлан хичээллүүлж, маш олон хүүхдэд туульс, ерөөл магтаалаа өвлүүлж байна.

Ийм өв тээгчидтэйгээ ярилцлага, уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Тухайлбал, Дэрэн сумын ахмад настан Г.Дадьсүрэн гуайтай халх, боржигон аялгуу, түүний онцлогийн тухай, МУСТА, ахмад зохиолч, Зава Дамдин судлаач Х.Шонхор гуайтай түүний ярьсан үлгэр, домгийн талаар, мөн Зава Дамдины гэр бүлийн байдал, ахуй амьдрал хийгээд уран бүтээл, авьяас билгийн нь талаар, ахмад настан Ц. Сарантуяатай “Шуналын сэтгэл” сургамжит үлгэрийн тухай, сумын ерөөлч, магтаалч Д. Дархантөгстэй уулзалт хийсэн.

Мөн Эрдэнэдалай сумын харъяат “Домог“ хамтлагийн ахлагч Б.Бат-Оршихтой ерөөл, магтаал, тууль, жороо үг, Дундговийн магтаалын тухай,  Цагаандэлгэр сумын ахмад ерөөлч магтаалч Ишцэдэн гуай дунд ангийн сурагчдад боржгин найрын дэг журам, ардын язгуур урлаг “Морины цол, гурийн ерөөл” унших, аялгуулан дуудах тухай ярьж, танилцуулсан. Цаашдаа ч үлгэр домог, ерөөл магтаалаа өвлүүлэх ажлыг тогтмол хийнэ.   

-Монгол хэлний тухай хууль хэрэгжиж эхэлснээр аймаг, сумдад монгол бичгийн хаягжилт нэмэгдсэн үү?

-Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 46-р зарлиг, Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын хаягжуулалтын тухай хуулийг хэрэгжүүлэн, “Гэрэлт самбар”-аар хаягжуулах ажлыг 20 байгууллага ААН амжилттай зохион байгуулсан.  Мөн ГХБХБГ-аас гудамж талбай, хашааны тэмдэг хаягийг монгол бичиг хосолсон хэлбэрээр бичиж шинэчлэх ажлууд хийж байна.

Энэ ажлын хүрээнд аймгийн хэмжээнд 15 суманд хашааны тэмдэг 2902 ширхэг, 12x40 хэмжээтэй гэр хорооллын гудамжны хаягийн тэмдэг 435 ширхэг, 50x50-ын хэмжээтэй байшин барилгын 547 хаягийн тэмдэг суурилуулсан.  

- Ер нь сүүлийн жилүүдэд бидний эх хэлдээ хандах хандлага сайжирч байгаа нь харагддаг. Энэ талын судалгааг аймагтаа хийж байв уу?

-2017 оноос эхлэн аймгийн хэмжээний төрийн албан хаагчдын монгол хэл бичгийн мэдлэгийн түвшин тогтоох, хэрэглээг нэмэгдүүлэх зорилго бүхий “Их сорилго” үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж, энэ  сорилгын дүнд үндэслэсэн модуль сургалтуудыг хийж байна.

Жил бүрийн сургалтын байдлаас харахад сургалтад хамрагдах төрийн албан хаагчдын тоо нэмэгдэж байгаа нь иргэдийн хандлагад тодорхой өөрчлөлт гарч байгаагийн илрэл юм.

-Ярилцсанд баярлалаа

 

Холбоотой мэдээ