Энэ жил зээр агнах зөвшөөрөл өгөөгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-06-20 11:40:49

Дорноговь аймаг 2015 онд орон нутагтаа 180 толгой зээр агнахаар баталж байсан бол энэ жил зээр агнах зөвшөөрөл өгөөгүй байна. Өнгөрсөн өвөл тус аймагт 129 мянга орчим зээрийн сүрэг өвөлжсөн хэдий ч цас их орж хүйтэрснээс зээрийн тоо толгой ихээр хорогдсон аж.

Жишээ дурдахад Сайншанд-Замын-Үүдийн чиглэлд галт тэрэгний торонд орооцолдож 3000 гаруй зээр үхсэнийг албаныхан тогтоожээ. Өнгөрсөн өвлийн хүйтэнд зээр ялангуяа шаргачин ихээр хорогдсон тул  орон нутгаас зээр агнах зөвшөөрлийг олгоогүй байгаа юм.

Тус аймаг 2009 онд орон нутагтаа зэрлэг  амьтдын нөөцийн судалгаа хийснээс хойш дахин нөөцийн судалгаа хийгээгүй аж. Тиймээс аймгийн БОАЖГ-аас зэрлэг амьтдын нөөцийн судалгаа хийхээр төсөв боловсруулж аймгийн ИТХ-д оруулсан ч төсөв хөрөнгийн боломжоос шалтгаалж батлаагүй аж.

Орон нутагт зэрлэг амтьдын нөөцийн судалгаа хийх шаардлага их байгааг албаны хүн онцоллоо.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ