АНУ, Монгол Улсын харилцааг бэхжүүлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-05-06 13:14:48

ВАШИНГТОН. /Senate.gov/. АНУ-ын Сенатын танхимын гишүүн Марко Рубио, Патрик Лихи нар Монгол Улсад өрнөж буй улс төрийн үйл явдлуудад санаа зовниж буйгаа илэрхийлсэн захидлыг Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенд илгээжээ.


“Сүүлийн үед Монголын парламент, шүүх, ерөнхийлөгчийн зүгээс авч хэрэгжүүлээд буй маргаан дагуулсан арга хэмжээнүүд, тэр дундаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд одоогийн Ерөнхийлөгчийг дахин өрсөлдөхийг хориглосон нэмэлт өөрчлөлтийг яаравчлан оруулж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлсөн зэрэг нь парламентын шийдвэр Үндсэн хуулинд нийцсэн байхтай зөрчилдөх төлөв ажиглагдаж байгаагийн сацуу Ерөнхийлөгч эрх баригч намыг тараах тухай захирамжийг Дээд шүүхэд хүргүүлсэн нь зургаадугаар сарын 9-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд итгэх итгэлийг ганхуулж болзошгүй улс төрийн хямралыг бий болгоод байна. Иймд танаас АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагтай хамтран ажиллаж, Монголын ард түмэн саналын хайрцгаар дамжуулан үзэл бодлоо илэрхийлэх боломжийг үгүйсгэх аливаа оролдлогыг баримтжуулах сонгуулийн ажиглалтын олон улсын багийг түр хугацаагаар санхүүжүүлэхийг тунгаан бодохыг хүсэж байна” хэмээн захидалд тэмдэглэжээ.


Мөн “Хятадын Коммунист нам тэргүүтэй авторитар хүчнүүд дэлхий даяарх ардчиллын үнэ цэнийг алдагдуулахын төлөө зогсолтгүй зүтгэж буй энэ үед ардчиллыг хөхиүлэн дэмжих нь манай гадаад бодлогын үндсэн тулгуур хэвээр байх ёстой” гэж сенатчид бичжээ. М.Рубио нь Сенатын танхимын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн хорооны гишүүн, П.Лихи нь Сенатын танхимын Төсвийн хорооны дарга бөгөөд Сенатын танхимын түр дарга ажээ.


Эх сурвалж: https://www.rubio.senate.gov/public/index.cfm/2021/5/rubio-leahy-urge-blinken-to-strengthen-u-s-mongolia-relations

Холбоотой мэдээ