Москвад болох Ялалтын парадад 12 мянга гаруй цэрэг оролцоно

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-05-09 10:33:48

МОСКВА. /RIA Novosti/.  Өнөөдөр Аугаа Эх орны дайны Ялалтын баярын өдөр. Энэ өдөр ОХУ-д Ялалтын 76 жилийн ойг тэмдэглэнэ. Нийслэл Москва хотын Улаан талбайд болох Аугаа Эх орны дайны Ялалтын 76 жилийн ойд зориулсан цэргийн ёслолын гол жагсаалд 12 мянга гаруй цэрэг, 190 нэгж гаруй цэргийн техник, 76 нисдэг тэрэг, нисэх онгоц оролцоно.


Парадыг ОХУ-ын Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагч, армийн генерал Олег Салюков удирдаж, Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хүлээж авна.


Парадын эхэнд ОХУ-ын төрийн далбаа болон Ялалтын туг буюу 150-р Идрицийн дивизийн байлдааны тугийг “Ариун дайн“ ("Священная война") дууны аян дор Улаан талбайд зална. Дараа нь Сергей Шойгу, Олег Салюков нар хайрцаглан жагссан цэргүүдтэй мэндчилэх бөгөөд үүний дараа Батлан хамгаалахын сайд ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Владимир Путинд рапорт өгнө. Ингээд ОХУ-ын Ерөнхийлөгч үг хэлнэ. Тэрбээр үгийн эхэнд мэндчилгээ дэвшүүлсний дараа 1 минут дуугүй зогсож, дайнд үрэгсдийг хүндэтгэнэ.


Ялалтын баярын ёслолын жагсаал уламжлал ёсоор В.М.Халиловын нэрэмжит Москвагийн цэргийн хөгжмийн сургуулийн бөмбөрчдийн ротын жагсаалаар эхэлнэ. Улаан талбайгаар офицер, түрүүч, цэргүүд, цэргийн анги нэтгэлүүд, сонсогч, курсантууд, Суворов, Нахимовын сургуулийн сурагчид, бүх Оросын "Юнармия" хөдөлгөөний гишүүд, мөн ОХУ-ын Онцгой байдлын яам, Үндэсний гвард, Хилийн цэргийн анги нэгтгэлүүдийн нийтдээ 37 жагсаалын хайрцаг явж өнгөрнө. Энэ жил Цэргийн төв тойргийн цэргийн цагдаагийн алба хаагчдын нэгдсэн парадын баг Улаан талбай дээгүүр анх удаа алхана.


Цэргийн жагсаал явж өнгөрсний дараа механикжсан цуваа явж өнгөрнө. Механикжсан цуваанд энэ жил 190 гаруй цэргийн болон тусгай техник хэрэгсэл жагсах юм байна.


Улаан талбайгаар хамгийн түрүүнд домогт Т-34 танк явах бөгөөд араас нь ОХУ-ын Зэвсэгт хүчний зэвсэглэлд саяхан оруулсан "Тайфун” ангиллын орчин үеийн хуягт автомашинуудын цуваа явна. Анх удаа агаарын довтолгооноос хамгаалах хамгийн сүүлийн үеийн "Тайфун” цогцолбор Улаан талбай дээгүүр өнгөрнө. Энэ жил T-72B3M, T-80BVM, T-90M, хамгийн сүүлийн үеийн T-14 "Армата" гэсэн хэд хэдэн төрлийн танкуудыг үзүүлнэ. Механикжсан цувааны бүрэлдэхүүнд мөн тив алгасагч баллистик пуужин бүхий "Ярс" стратегийн пуужингийн цогцолбор явж өнгөрнө.


Ёслолын парад нисэх хүчний үзүүлбэрээр өндөрлөх ёстой. Гэвч цаг агаарын таагүй байдлын улмаас хөтөлбөрт өөрчлөлт оруулж магадгүй байна. Өнөөдөр Москвад бүрхэг, үүлэрхэг байх төлөвтэй байгаа аж.  


Уламжлал ёсоор Ялалтын баярын ёслолын буудлага үдэш болно.


Цар тахлын байдлаас шалтгаалан ОХУ-ын хотуудад энэ жил Ялалтын баярын зарим арга хэмжээг цахимаар зохион байгуулна. 



Холбоотой мэдээ