Хятадын зөөгч пуужингийн хэлтэрхий Энэтхэгийн далайд унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-05-09 12:19:12

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын "Чанжэн-5Б" зөөгч пуужингийн удирдлагагүй болсон хоёр дахь угсрааний хэлтэрхий Энэтхэгийн далайд унажээ.


“"Чанжэн-5Б" зөөгч пуужингийн хэлтэрхий тавдугаар сарын 9-ний 10 цаг 24 минутад агаар мандалд орж, Энэтхэгийн далайн зүүн уртрагийн 72.47 градус, хойд өргөргийн 2.65 градусын координаттай хавтгайд уналаа. Пуужингийн хэлтэрхийний ихэнх хэсэг шатсан” гэж Хятадын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн мэргэжилтнүүд мэдээлсэн байна.  


Дөрөвдүгээр сарын 29-нд "Чанжэн-5Б" зөөгч пуужингаар Хятадын шинээр барьж буй сансрын станцын үндсэн модуль болох "Тяньхэ"-г тойрог замд оруулсан юм. Пуужин үүргээ биелүүлмэгц төлөвлөгөөний дагуу аюулгүй газардуулах ёстой байсан боловч эвдрэлийн улмаас удирдах боломжгүй болсон байна.


АНУ-ын Зэвсэгт хүчин пуужинг хаана унахыг анхааралтай ажиглаж байна гэж Пентагоны төлөөлөгч өмнө нь "CNN" телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Тэрбээр Хятадын пуужингийн хэлтэрхий суурьшлын бүсэд буюу хүн амьдарч буй газарт унаж магадгүйг үгүйсгэх боломжгүй гэж мэдэгдсэн юм. 


Харин тавдугаар сарын 6-нд Пентагоны тэргүүн Ллойд Остин Хятадын пуужин аюулгүй газарт унана гэж мэдэгджээ. 

Холбоотой мэдээ