Л.Оюун-Эрдэнэ: Цахим шилжилт хийгээгүй бол авлигатай тэмцэхэд нэгдээгүй гэж үзнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-05-10 15:59:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын шинэ Засгийн газрын 100 хоногийн ажлын тайланг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд өнөөдөр танилцуулав. Тэрбээр танилцуулгынхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Дубайн гэрээг цуглах асуудал хөндөгдөж байгаа. Энэ гэрээг цуцаллаа гэхэд авсан зээл, нөхөн төлбөр зэргийг хэн хариуцах вэ?


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ асуудлыг бид ярьж байгаа. Ярвигтай нөхцөл байдал ажлын баг нэг жилийн хугацаанд ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байгаа. Нөхөн төлбөртэй холбоотой асуудлууд ч гарч байгаа. Бид Оюутолгойтой холбоотой сөрөг нэхэмжлэл гаргасан. Энд 3-4 хүнтэй холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудал бий. Үүнд ямар хугацаа орох, олон улсын шүүх хэрхэн шийдэх талаар шууд хариулах боломжгүй.


-Яам, агентлагууд тусгай зөвшөөрөл олгодог нь хүнд суртлын эхлэл болдог. Энэ ажлыг цахимд шилжүүлэх үү?


-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрийн байдлаар төрийн 516 үйлчилгээ цахимд шилжсэн. Цаашлаад яамдад байгаа ажлууд цахимд шилжих ёстой. Цахим хөгжлийн багц хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахлан боловсруулж байгаа. Үүнийг баталснаар цахим гарын үсэгтэй болно. Мөн хувь хүний мэдээлэлтэй холбоотой эрхзүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн төрийн бүх сервер хувийн сервертэй холбогдоно. Ингэснээр иргэн 10 оронтой кодтой болно гэсэн үг. Ингээд регистрийн дугаар, жолооны үнэмлэхийн дугаар, эрүүл мэндийн даатгалын дэвтрийн дугаар байхгүй болно. 10 оронтой кодоороо цахимаар холбогдож, төрийн үйлчилгээ авах боломж бүрдэнэ. Энэ нь хүнд суртал, авлигыг бууруулна. Хэрэв ийшээ орж чадаагүй яам байвал үүнийг авлигатай тэмцэх тэмцэлд нэгдээгүй гэж үзнэ. Мөн шүгэл үлээгчдийн хуулийг боловсруулж байгаа. Нэг үгээр хэлбэл, мэдээлэл өгдөг хүмүүсийг дэмжих эрхзүйн таатай орчин бүрдүүлнэ. Мөн төрийн албан тушаалтан ХОМ-ээ худал бөглөсөн бол яах вэ. Машингүй гэж бөглөчихөөд машин унаад яваад байдаг. Орон сууц нь өөр хүний нэр дээр байдаг зэргийг цэгцэлнэ. ХОМ-ээ бичээгүй хөрөнгийн эх үүсвэрээ нотолж чадахгүй бол эрүүгийн хэрэг үүсгэх эрхзүйн орчинд шилжинэ.


-Малчдын амьжиргааг хэрхэн дэмжих вэ?


-ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Засгийн газрын малчдын орлогыг нэмэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого барьж байгаа. Бидний гол бодлого бол хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, түүнийг боловсруулах үйлдвэрлэлийг түлхүү дэмжих. Энэ хүрээнд Дарханы Арьс ширний боловсруулах үйлдвэр, Ховдын Аж үйлдвэрийн парк байгуулахаар төлөвлөсөн. Дэд бүтцийн ажил нь 15-25 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2024 оноос өмнө ашиглалтад оруулна. ХХААХҮЯ-ны 56 тусгай зөвшөөрөл олгох болон бусад үйлчилгээг E-Mongolia цахим системд холбосон.

Холбоотой мэдээ