"Торгоны зам" аялал жуулчлалын экспод урьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-05-10 17:31:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Global sources” байгууллагаас зохион байгуулж буй БНХАУ-ын үйлдвэрлэгчидтэй хийх цахим бизнес уулзалтад оролцохыг бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас мэдээллээ. Тодруулбал, БНХАУ-аас шинэлэг, чанартай бүтээгдэхүүн импортлох хүсэлтэй гадаад худалдааны бизнес эрхлэгчдийг энэ сарын 26-27-нд болох хувцас, туслах материал, шинжлэх ухаан технологийн үйлдвэрлэгчидтэй бизнес уулзалт, 6 дугаар сарын 29-30-нд электрон бараа, гар утас, ухаалаг шийдэл, дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгчидтэй хийх уулзалтад тус тус урьж, дээрх салбарын хамтын ажиллагааг өрнүүлэх боломжтойг мэдээллээ.


Түүнчлэн “Торгоны зам-2021" олон улсын аялал жуулчлалын экспод оролцохыг урьжээ. Энэ оны 7 дугаар сарын 16-18-нд болох тус экспог БНХАУ-ын баруун хойд хэсгийн Гансу, Шинжаан Уйгур, Чинхай, Шэньси, Нинся мужуудын соёл, аялал жуулчлалын газар зохион байгуулж, тус улсын Шэньси мужийн Шиань хотын “Шиань олон улсын үзэсгэлэнгийн танхимд болохыг мэдээллээ. 


“Торгоны зам-2021" олон улсын аялал жуулчлалын экспо нь 7 дахь жилдээ болох бөгөөд энд БНХАУ-ын болон гадаадын 700 гаруй аялал жуулчлалын салбарын ААН-үүд оролцож шинэлэг бүтээгдэхүүн, үйлчилгээ, төсөл хөтөлбөрөө танилцуулан сурталчлах үзэсгэлэнгээс гадна  бизнес уулзалт бусад үйл ажиллагаа зохион байгуулах аж. "COVID-19" цар тахлын сөрөг нөлөө аялал жуулчлалын салбарт хамгийн хүндээр нөлөөлж буй энэ цаг үед салбарын бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор дээрх экспод Монголын талын оролцогч ААН-үүдэд үнэ төлбөргүй үзэсгэлэнгийн талбай олгохоор болжээ. Иймд БНХАУ-д оршин сууж үйл ажиллагаа явуулдаг компаниуд төлөөлөгчөө оролцуулах боломжтой аж. 


Холбоотой мэдээ