Дүрвэгчдийн тоо урьд байгаагүйгээр өсөн нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭНҮБ. /NHK/. Хавчлага дарамт болон зэвсэгт мөргөлдөөний улмаас орон гэрээсээ дүрвэсэн хүмүүсийн тоо дэлхийн хэмжээнд 65.3 сая болж нэмэгдсэн тухай НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн агентлаг мэдэгдлээ. Энэ нь дүрвэгчдийн тоо урьд байгаагүйгээр нэмэгдсэн үзүүлэлт аж.
НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх Дээд комиссарын газар даваа гарагт болсон “Дэлхийн дүрвэгчдийн өдөр”-ийг тохиолдуулан улс орныхоо дотоодод болон гадаад улсууд руу дүрвэсэн хүмүүсийн тоог гаргажээ.
Уг тайланд “аргагүйн эрхэнд дүрвэсэн хүмүүсийн тоо 2015 онд өмнөх оныхоос бараг 6 саяар нэмэгдсэн” гэдгийг дурдсан байна.
Иргэний дайнд нэрвэгдсэн Сири улс 11.7 сая орчим дүрвэгчтэйгээр жагсаалтын эхэнд бичигджээ.
Тэгвэл Колумб 7.2 сая дүрвэгчтэйгээр удаад нь орж байна. Тус улсын засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд тулалдаан үргэлжилсээр байгаа юм.
“Лалын улс” бүлэглэлийн босогчдын нөлөө өсөн нэмэгдсээр байгаа Иракийн хувьд 4.9 сая хүн дотооддоо болон гадаад руу дүрвэсэн байна.
Дүрвэгчдийн тоо ингэж нэмэгдсэн нь тэднийг нүүлгэн шилжүүлж, тараан суурьшуулах ажлыг зохион байгуулж буй улс орнуудад нэлээд их хүндрэл учруулдаг юм.
Өнгөрсөн оны эцсийн байдлаар Туркэд 2.5 сая, Пакистанд 6 сая дүрвэгч бүртгэгджээ. Харин Ливан улс 1.1 сая буюу хүн амынхаа 20 хувьтай тэнцэх тооны дүрвэгчдийг хүлээж аваад байна.
НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхэлсэн Дээд комиссар Филиппо Гранди хэлэхдээ “дүрвэгчдийг хүлээж авч буй улс орнуудад туслах асуудлаар олон улсын хэлэлцээр байгуулах шаардлагатай байна” гэлээ.
Г.Доржханд