Улсын хэмжээнд 82.4 мянган га талбайг тариалаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-19 10:45:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 17-ны байдлаар улсын хэмжээнд нийт 82.4  мянган га талбайг тариалаад байгааг ХХААХҮЯ мэдээллээ.


Тодруулбал, 77 мянган га-д үр тариа, үүнээс 75.9 мянган га-д улаанбуудай, 2.3 мянган га-д төмс, 1 мянган га-д хүнсний ногоо, 0.1 мянган га-д малын тэжээл, 1.8 мянган га-д тосны ургамал тариалжээ.  


Цар тахлын тархалтын улмаас тогтоосон хөл хорионы дэглэм, дөрөв, тавдугаар сарын цаг агаарын онцлогтой холбоотой хаврын тариалалт урьд жилүүдийнхээс бага зэрэг хойшилж, тариалангийн үндсэн бүс нутгаар лууван, сармисны тариалалт энэ сарын 3-наас, улаанбуудайн тариалалт энэ сарын 10-наас эхлээд байгаа юм.


Энэ онд улсын хэмжээнд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал,  өссөн дүнгээр 4.3 мянган га-д жимс жимсгэнэ, нийт 527.8 мянган га-д тариалалт хийхийг зорьж байгаа.


Хаврын тариалалтын бэлтгэлд дотоодоос 47.4 мянган тн үрийн нөөц бүрдүүлжээ. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан 10 мянган тонн үр нийлүүлснээр тариалалтад шаардагдах буудайн үрийг бүрэн бүрдүүлжээ. Одоогоор тариалалтад зориулан хүсэлт гаргасан 284 иргэн, аж ахуйн нэгжид 9.7 мянган тн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай зээлээр тус сангаас олгоод байна.

Холбоотой мэдээ