С.Эрдэнэ: Орчин үеийн нэгдмэл үнэт зүйлтэй, эрх чөлөөт нийгэм байгуулахыг зорьж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны нээлт Эрх чөлөөний талбайд өнөөдөр боллоо.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, санал хураах өдрөөс 16 хоногийн өмнө нэр дэвшигчийн үнэмлэх олгож, албан ёсоор сурталчилгааны ажил эхлэхээр заасан бөгөөд ирэх сарын 8-ны 00.00 цагт дуусгавар болно. Энэ дагуу АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ нэр дэвшигчийн үнэмлэхээ СЕХ-ноос гардсаныхаа дараа сонгуулийн сурталчилгааны нээлтэд оролцлоо.
Энэ үеэр тэрбээр, "Энэ удаагийн сонгууль аль нэг нам, нэр дэвшигчийг сонгох сонголт биш юм. Ирээдүй рүүгээ алхах гурван салаа замын нэгийг сонгох сонгууль юм. Монгол Улсынхаа үр хойчид үлдээх ирээдүйн 60 жилийн амьдралыг сонгох туйлын харуцлагатай шийдвэрээ бид гаргана. Бидний сонголтыг хүндэтгэдэг, эрх, эрх чөлөөг баталгаажуулж хүсэл зорилгыг хүндэтгэдэг Ерөнхийлөгчтэй болохыг та бүхэн хүсэж байгаа. АН ч ийм төрийн тогтолцооны төлөө зорьж байгааг тэмдэглэж хэлье. АН 1992 оноос хойш түүхэндээ анх удаа устаж үгүй болох аюултай туйлын ойрхон ирээд байна. Эрх баригчид монгол орныг нэг дээвэр дор хорьсон томоохон нээлттэй хорих лагер болгохыг зорьж байна. Харин бид орчин үеийн нэгдмэл үнэт зүйлтэй, эрх чөлөөт нийгэм байгуулахыг зорьж байгаа. Ардчиллыг хамгаалах үүрэг, хариуцлага надад ногдсон гэж үзээд, энэ удаагийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Тиймээс миний нэн тэргүүний эрхэм зорилго бол монгол хүний алдагдсан эрх чөлөө, аз жаргал, чөлөөт бизнес, арилжаа худалдаа, айдасгүй хэвийн амьдралыг эргүүлэн авчрахад оршино гэж тодорхойлсон" хэмээсэн юм.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, "Ардчилсан нам бол 31 жилийн өмнө Монгол Улсад ардчиллыг авчирсан улс төрийн хүчин. Гэтэл өнөөдөр улс орон даяар төдийгүй, дэлхий дахинд Монголын ардчилал аюулд учирлаа гэж ярьж байна. Энэ сонгуулиар Монголын ард түмэнд аюулд ороод буй ардчиллаа аврах боломж олдож байна. Уул уурхайн баялгийн үнэ дэлхий дахинд өсөж байгаа ч монголчууд үр өгөөжийг нь хүртэж чадахгүй байна. Нэг намын дарангуйллын эсрэг тэнцвэртэй байдлыг хангахын тулд АН-ынхан эв нэгдэлтэй байхын зэрэгцээ хуулийг дээдлэх шаардлагатай. Манай намын ялж болохуйц нэр дэвшигчийг ҮХЦ дээр, нөгөө нэр дэвшигчийг СЕХ дээр унагаасан адармаатай бүхнийг бид даван тууллаа. Гэхдээ бид нэр дэвшигчээ бүртгүүлж чадсан тул АН-ын нэр дэвшигчээ ялуулцгаая" хэмээв.