Д.Сумъяабазар: Яармагийн замын ачааллыг 20 гаруй хувиар багасгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-25 13:30:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Хан-Уул дүүргийн Яармагийн дэнжид ажиллалаа.


Нийслэлийн удирдлагын баг хотын авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг тодруулбал, гол гудамж замын өргөтгөл 82.43 км, хотын тойрог замын сүлжээ 71.5 км, хороолол дундах холбоос 70.26 км замын төлөвлөлт, гүүрэн байгууламж, нүхэн гарцуудын талаар танилцуулав. Хотын дарга “Эдгээр төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлснээр түгжрэлийг 50 хүртэл хувиар багасгана. Зураг төсөл, барилгын компаниудтай уулзахад бүтээн байгуулалтад том компаниуд нь манлайлан, жижгүүд нь нэгдэж ороход бэлэн гэдгээ илэрхийлсэн”-ийг дуулгав. Хурдны замыг олон улсын стандартын дагуу барихаар Хятадын 2-3 компанид санал тавьжээ.


ХУД-т жилд 10-20 мянган айл нэмэгддэг учраас сургууль, цэцэрлэг хүрэлцдэггүй. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Орон сууцны дунд цэцэрлэг, сургууль, ногоон байгууламж барих стандарттай болох хэрэгтэй” гэв.


ХУД-т ашиглалтын шаардлага хангахгүй 10 орон сууц байдаг аж. Эдгээрт 25 удаа тендер зарласан ч компаниуд сонирхдоггүй, нурахад хүрээд байгааг Ерөнхий сайд болон Хотын дарга анхаарахыг тус дүүргээс сонгогдсон гишүүд хүслээ. Түүнчлэн нийслэлийн хамгийн том асуудлын нэг нь Туул гол дагуу 30 гаруй байгууллага хайрга, дайрга олборлодог явдал. Гэтэл Туул голоос нийслэлийн иргэдийн 95.7, таван аймгийн 37 сумын иргэд ундаалдаг учир цаашид ундны усны аюулгүй байдалд нөлөөлөхөд хүрчээ.


Ерөнхий сайд Хотын даргыг пүрэв гаргийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг танилцуулахыг хүссэнийг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээллээ. Мөн тэрбээр “Төр зөвшөөрөл олгосон учир эдгээр аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс ажлын баг байгуулж, шийдэлд хүрэх хэрэгтэй” гэлээ. Мөн арьс, ширний үйлдвэрүүдэд үйлчилгээ үзүүлдэг “Харгиа” цэвэрлэх байгууламж орон сууцны хороолол дунд үйл ажиллагаа явуулдаг нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад нөлөөлж байгааг гишүүд онцолжээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Яармагийн замын ачааллыг 20 гаруй хувиар багасгана. Уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэхгүй бол ачаалал ихэссэн. Ботаникийн цэцэрлэгээс Моносын уулзвар хүртэл Энхтайваны өргөн чөлөөгөөр метро явахаар төлөвлөж байгаа. Нийт 17 км замын 10 км нь газар доогуур, хоёр талдаа тус бүр 3.5 км ил явна. Долоон буудлаас Чингисийн өргөн  чөлөөгөөр уруудаад, Энхтайваны гүүр даваад Буянт-Ухаа хүртэл 30 км орчим хөнгөн галт тэрэг буюу LRT явахаар төлөвлөсөн” гэв.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төлөвлөж байгаа бүгдийг дэмжье. Тооцоо, судалгааг сайн хийж, гадны мэргэжилтэнтэй хамтран ажиллаарай. Газар чөлөөлөлт, бусад зүйлээ төлөвлөж, сайн тооцоорой” гэсэн юм. Ингээд ТЭЗҮ болон тооцоо, судалгааг 6 дугаар сарын 19-нд танилцуулахаар боллоо.

Холбоотой мэдээ