Ховд их сургууль “Нийгмийн ажилтан” мэргэжлээр 400 гаруй боловсон хүчин бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-28 20:00:47

Ховд /МОНЦАМЭ/. Ховд их сургууль “Нийгмийн ажлын мэргэжилтэн” бэлтгэж эхэлсний 20 жилийн ой энэ онд тохиож байна. Тус сургууль өнгөрсөн 20 жилийн хугацаанд “Нийгмийн ажилтан” мэргэжлээр 15 төгсөлтийн дагуу 400 гаруй боловсон хүчин бэлтгэн гаргасан гэх мэдээлэл бий. 

Энэхүү ойг угтан  “Нийгмийн ажлын хөгжил-орон нутагт” сэдэвт хэлэлцүүлгийг энэ сарын 25-нд Ховд аймагт зохион байгууллаа.

Орон нутаг дахь нийгмийн ажлын хөгжлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилго бүхий тус хэлэлцүүлгийн үйл ажиллагааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Ховд их сургууль хамтран хэрэгжүүлсэн юм.

“Нийгмийн ажлын хөгжил-орон нутагт” сэдэвт хэлэлцүүлэгт салбарын удирдлагууд болон багш, нийгмийн ажилтнууд оролцжээ.

Хэлэлцүүлгийг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа (цахимаар), Ховд их сургуулийн захирал Б.Нямдорж нар үг хэлэв.

Энэ үеэр “Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт нийгмийн ажлын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ”, “Нийгмийн ажлын боловсрол, хөгжил - орон нутагт”, “Нийгмийн ажилтны мэргэжлийн үнэ цэн, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр мэргэжилтнүүд илтгэл тавьж, мэдээлэл солилцлоо.   

Түүнчлэн Ховд их сургуулийн нийгмийн ажилтан мэргэжлийн анхны багш, тухайн мэргэжлийн ангийг нээхэд гол үүрэг гүйцэтгэсэн С.Тунгалагтамир ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга) болон бусад нэр бүхий багш, төгсөгчдийг холбогдох салбарын шагналаар шагнаж, урамшууллаа.   

“Нийгмийн ажилтан” мэргэжил нь нийгмийн хөгжил, өөрчлөлт, эв нэгдэлийг дэмжин хүний эрх, эрх чөлөөг хангаж, тэднийг чадваржуулахад чиглэсэн практик үйл ажиллагаанд суурилсан мэргэжил, хэрэглээний шинжлэх ухаан юм.

Холбоотой мэдээ