Гадаад харилцааны сайд Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-06-04 10:10:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Орос, Монголын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Оросын хэсгийн дарга В.В.Абрамченкотой уулзав.


Уулзалтын үеэр энэ оны 3 дугаар сард болсон Монгол, Оросын Засгийн газрын комиссын Үндэсний хэсгийн дарга нарын цахим уулзалтын дүнгээр гаргасан протоколд тусгасан зарим ажлын хэрэгжилтийн талаар санал солилцов. Тухайлбал, ойрын хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлалын үеэр байгуулах боломжтой баримт бичгүүдийг аль болох эрт бэлтгэхэд анхаарал хандуулахаар тохиролцов. Мөн эрчим хүч, хилийн боомт, нийгмийн халамж, байгаль орчны салбарын хамтын ажиллагааны зарим асуудлыг хэлэлцэв.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мөн Бүгд Найрамдах Серби Улсын парламент (Ардын Скупшина)-ын дарга Ивица Дачичтай хотноо уулзав.  Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд, парламентын дарга нар Монгол, Сербийн харилцаа, түүний дотор хоёр улсын парламент, ГХЯ-д хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар ярилцаж, ойрын хугацаанд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэхэд анхаарахаар тохиролцов. 


Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга К.И.Косачёвтай уулзав. Уулзалтын үеэр Монгол, Оросын харилцаа, түүний дотор хоёр улсын парламент хоорондын харилцааг идэвхжүүлэх, дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх томоохон ажил, бүс нутгийн байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцав.

Холбоотой мэдээ