МАН халдвар тархах эрсдэлтэй хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулахгүй

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-05 19:44:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-аас коронавируст халдварыг нэмэгдүүлэх эрсдэлтэй хэлбэрийн сонгуулийн сурталчилгааг өнөөдрөөс зогсоосон тухай тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өөрийн цахим хуудсанд мэдээлжээ.


“Зөв хүн электорат эвсэл”-ээс Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат гэргийн хамт сонгуулийн сурталчилгааны явцад коронавирусний халдвар авсан. Улмаар түүнийг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа юм. Тус эвслээс олон хүн цугласан, аливаа халдвар тархах эрсдэлтэй сонгуулийн сурталчилгаа хийхгүй байхыг уриалсан юм. Тэгвэл МАН дээрх уриалгыг хүлээн авч, сонгуулийн сурталчилгааг зөвхөн цахим болон хэвлэл мэдээллийн сувгаар үргэлжлүүлэхийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан онцолжээ.


Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа энэ сарын 8-ны 0.00 цагт дуусгавар болно. Харин энэ сарын 9-нд орон даяар сонгуулийн санал хураалт явагдах бөгөөд бүх нийтээр амрах юм.

Холбоотой мэдээ