Санаачилга уу, санаачлага уу?

ЛАВЛАГАА
khandmaa@montsame.gov.mn
2021-06-07 10:39:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ удаад "сурвалжилга, санаачилга" зэрэг үгийг "санаачлага, сурвалжлага" гэж бичиж болохгүйн учрыг тайлбарлая.


Монгол хэлний үгийг журамлахдаа үгийн гарал, үгийн бүтэц, дагавар нөхцөл буюу бүтээврийн зүй тогтлыг харгалзсанаа хэл шинжээчид тодотгож байгаа. Тэгэхээр үгийн бүтцээр дээрх үгийг задалбал, “сурвалж-л-га”  буюу “сурвалж” гэсэн үгэнд “-л” гэдэг үйл үг бүтээх дагавар, “-га” гэдэг үүсмэл нэр бүтээх дагавар залгаж бүтжээ.


Харин "санаач -лага" гэсэн бүтэцтэй биш аж. Учир нь, нэгдүгээрт "санаач" гэсэн үндэс байхгүй. Хэдийгээр “эргэн санаач” гэх мэтээр ярилцдаг ч, үүний "санаач" гэдэг үг нь захирах хүсэх төлөвийн “-аач” бүтээврээр төгссөн тул араас нь ямар нэг залгавар дагуулах боломжгүй үг юм. Хоёрдугаарт, “-лага” бүтээврийг “сур, ач, гар” гэх мэт анхдагч үйл үндсэнд шууд залгаж “сурлага, ачлага, гарлага” гэх мэт нэр үг үүсгэдэг.


 Тэгэхээр "сурвалжилга, санаачилга" гэх үгс "-лага" төгсгөлтэй байж таарахгүй юм. 


Холбоотой мэдээ