“Соёл, урлаг-Булган 2021” форум зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-16 16:03:52

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар “Соёл, урлаг-Булган 2021” форумыг цахим хэлбэрээр энэ сарын 23-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Цахим форумд Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, Үндэсний номын сангийн төлөөлөл болон Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт яруу найрагч С.Оюун, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар нарын хүмүүс оролцох аж. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ хөгжлийн зам” хөтөлбөрийн соёлын бодлого, аймгийн соёл, урлагийн байгууллагын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, түүх, соёлын өв, дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалт зэрэг сэдвээр илтгэл, мэдээлэл сонсож, санал солилцох юм.

Соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний өв уламжлалыг залгамжилж, орчин үеийн соёл урлагийн чиг хандлагатай хослуулан  хөгжүүлэхээр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг хэрэгжүүлэхэд энэ форумын зорилго чиглэж байна.  

Холбоотой мэдээ