Малчин Ш.Баасандорж хонин сүргийг зонхилон үржүүлдэг

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-17 14:28:04

Ховд /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хамтран сар шинийн босгон дээр “Алтан төл”-ийн эздийг тодруулдаг уламжлалтай. Энэ жил Ховд аймгийн Дарви сумын Баянбулаг багийн малчин Ш.Баасандорж “Алтан хурга”-ны эзэн болсон юм. Тэрбээр 30 гаруй жилийн хугацаанд мал сүргээ таван төрлөөр нь өсгөн үржүүлж байна.


Эднийх одоо 1500 гаруй малтай. Үүнээс 1000 орчим нь хонин сүрэг бөгөөд энэ жил 400 гаруй төл бойжуулжээ.

Онцлоход, Ховд аймгийн Дарви суманд “Сутай” үүлдрийн хонийг зонхилон үржүүлж ирсэн түүхтэй. Малчин Ш.Баасандорж бол сутай хониныхоо үүлдэр угсааг таслахгүй байхын төлөө уйгагүй хөдөлмөрлөж буй туршлагатай малчдын нэг юм.

Түүний өсгөн үржүүлж буй сутай үүлдрийн хонь зуданд тэсвэртэй, өлчир чийрэг, ноосны гарц өндөртэй, махны амт, чанар сайн хэмээн батлагдсан байдаг.

Ховд аймгийн Дарви сум нь 433 малчин өрхтэй. Харин Баянбулаг багт 126 малчин өрх бий. Үүнээс онцлоход, малчин Ш.Баасандорж нь Баянбулаг багаас тодорч буй хоёр дахь “Алтан төлийн эзэн” юм.  

Бэлчээрийн мал аж ахуйн уламжлалт арга ажиллагааг боловсронгуй болгох, малын ашиг шимийн гарц, чанарыг нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн малчин Ш.Баасандорж өдгөө “Алтан төлийн эзэн” гэх хүндтэй шагнал хүртсэндээ баяртай байгаагаа илэрхийллээ. 


  

Холбоотой мэдээ