Ким Жөн Ун БНАСАУ АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд ч, сөргөлдөхөд ч бэлэн байх ёстой гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-06-18 10:44:15

ПЁНЬЯН. /TASS/. БНАСАУ АНУ-ын Засгийн газартай яриа хэлэлцээ хийхэд ч, сөргөлдөхөд ч бэлэн байх ёстой гэж тус улсын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны гурван өдрийн бүгд хурлын ээлжит хуралдааны үеэр мэдэгджээ.


Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн /KCNA/ мэдээлснээр, хурлын үеэр БНАСАУ-ын удирдагч АНУ-ын талаар баримтлах бодлогын стратеги, чиглэлийг тодорхойлсон байна. Ким Жөн Ун мөн "нэр төрөө хамгаалах", улс орны “хөгжлийн үр шимийг хүртэх", "улс орны энх тайван, аюулгүй байдлыг найдвартай баталгаатай" байлгахын тулд "яриа хэлэлцээ, сөргөлдөөнд хоёуланд нь бэлэн байх" шаардлагатайг онцлон тэмдэглэлээ гэж KCNA мэдээлжээ. Ингэхдээ Ким Жөн Ун ялангуяа сөргөлдөөнд бэлэн байх шаардлагатайг цохон тэмдэглэсэн байна.


БНАСАУ-ын удирдагч мөн "Солонгосын хойгийн байдалд тогтвортой хяналт тавихын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй" гэж цохон тэмдэглэжээ. "Ерөнхий нарийн бичгийн дарга олон улсын болон бүс нутгийн чухал асуудлаарх нам, засгийн зарчмуудыг болоод гадаад бодлогын байр суурийг таниуллаа" гэж KCNA агентлаг мэдээндээ онцолсон байна.


Холбоотой мэдээ