Буяны ажилд оролцсон иргэд халдвар авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/. Сүүлийн 24
цагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо 22-оор нэмэгдсэн байна.
Тодруулбал, Улаангом суманд 11, Наранбулагт 4, Сагилд 2, Өмнөговь
суманд 5, нийт 319 халдварын тохиолдол бүртгэгдээд байна.
Улаангом сумын 11 тохиолдлын 10 нь сайн дурын шинжилгээнд хамрагдсан иргэдээс илэрчээ. Мөн Өмнөговь суманд бүртгэгдсэн тохиолдлуудын хувьд 6-р сарын 10-нд Улаанбаатар хотоос буяны ажлаар ирсэн 4 иргэний нэг нь халуурах шинж тэмдэг илэрсэн ч мэдээллээ нуусан байна. Улмаар тухайн иргэдтэй ойр харьцсан жирэмсэн эх халуурч, эмнэлэгт хандсанаар халдварын эх үүсвэрийг тандаж эхэлсэн байна.
Буяны ажлаар нэг гэрт олон
хүний хавьтал үүссэн тул тандалтын ажлыг шуурхай хийж байгаа аж. Увс аймагт
халдварын тоо 319-д хүрч, өдөр ирэх тусам энэ тоо нэмэгдсээр байгаа. Харин аймгийн
Шуурхай штабын хурлаар тэг зогсолт хийх асуудлыг хэлэлцээд хөл хориог сунгахгүй
байхаар шийдвэрлэлээ. Иргэн бүр хариуцлагатай байх, халдвар хамгааллын дэглэмээ
хатуу баримтлах шаардлага тулгараад байна.