БХЯ ямар нэгэн сөнөөгч онгоц аваагүйг мэдэгдэв

Монголын мэдээ | Хууль
mn_tuul@montsame.mn
2016-06-24 10:17:40

Сүүлийн үед зарим сонин, мэдээллийн сайтуудаар манай улсын Батлан хамгаалах салбар 4 ширхэг “Су-27” сөнөөгч онгоц хүлээн авсан мэтээр бичиж байгаад БХЯ албан ёсоор залруулга хийв.

 Тухайлбал “sonin.mn” сайтад “Монгол Улс ОХУ-аас цоо шинэ 4 ширхэг “Су-27” сөнөөгч онгоц хүлээн авлаа”, “NEW.mn”, “eagle.mn”, “zaluu.com” сайтуудад “ОХУ-аас дөрвөн ширхэг Су-27 сөнөөгч онгоц хүлээн авлаа”, “jirgee.mn” сайтад “Монголын нисэгчид байлдааны анхны даалгавраа авлаа”, “Newscom.mn” сайтад “Агаарын нисэх хүчин шинэ онгоцоо хүлээн авлаа”, “undesten.mn” сайтад “АСЕМ-д зориулж асар үнэтэй байлдааны онгоцууд худалдан авчээ” гэсэн огт үндэслэлгүй мэдээг тавьсан байна. 

Улсын төсөв, санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд иргэдийг төөрөгдөлд оруулсан мэдээлэл төдийгүй, олон улсын харилцаанд үл ойлголцол төрүүлэх ноцтой алдаа болсонд дүгнэлт хийж, залруулга хийхийг салбарын яамнаас хүслээ.

БХЯ өөрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг авахдаа уг мэдээллийн эх сурвалж, үнэн бодит байдлыг нарийн нягталсны үндсэн дээр олон нийтэд хүргэх асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг тэмдэглээд цаашид Батлан хамгаалах яамны Хэвлэл мэдээллийн ажилтан болон ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн хэвлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэнтэй холбогдож, хамтран ажиллахыг захилаа.

Б.Туул

Холбоотой мэдээ