Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-06-24 10:54:45

Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа ЭМСЯ-ны багийн хамт Баянзүрх дүүргийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Төвийн дарга, АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл болон тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд үйл ажиллагаа, барилга, тоног төхөөрөмж, хүчин чадал, хүний нөөц, судалгаа шинжилгээний ажил, ололт амжилтаа тайлбарлан таниулж, санал хүсэлт, тулгамдсан асуудлаа ярилаа.

Тус төв нь 86 жилийн түүхтэй бөгөөд 450 ор, эмчилгээний 10 тасаг, хүлээн авах, физик эмчилгээ, лаборатори, шүд, эмэгтэйчүүд, дүрс оношлогоо, сэтгэц эмгэг судлалын оношилгооны кабинет зэрэг 20 гаруй тасаг нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Нийт 4300м2 ашигтай талбайтай 4 блокоос бүрдсэн шинэ өргөтгөл бүхий цогцолборын барилгыг 2014 онд ашиглалтад оруулсан бөгөөд одоо үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.Төрөлжсөн нарийн мэргэжлийн үндэсний төв эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт 42 хувьтай байсан бол өнөөдөр 92 хувь болж эмчилгээ үйлчилгээний чанар сайжирч, хүлээгдэл чирэгдэл буурч эмчлүүлэгчид сэтгэл хангалуун үйлчлүүлж байгааг танилцуулав.

Иргэдийн дунд хуучны Шархадны гэх тодотголтой байсан эмнэлэг үе шаттай бодлого төсөл хөтөлбөр хэрэгжүүлсний үндсэн дээр цоо шинэ төв болон өргөжиж олон улсын стандартын дагуу ая тухтай орчин бүрдүүлж, орчин үеийн багаж тоног төөхөрөмж, чадварлаг мэргэжлийн баг хамт олон ажиллаж байна.

Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, “Миний бие Шархадны гэх тодотголтой Сэтгэцийн эмнэлгийг орчин үеийн Сэтгэцийн эрүүл мэндийн төв болгох зорилгоор энэ  цогцолборын хөрөнгийг шийдвэрлэж 2011онд эхлүүлж байсан. Өнөөдөр энэ цогцолбортой танилцахад үнхээр сэтгэл хөдөлж байна.Төвийн хамт олон өөрсдийн санаачилгаар их зүйлийг хийсэн байна” гээд “ЭМД-ын тухай”, “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийн талаар дэлгэрэнгүй тайлбар хийж цаашид хийх ажлын талаар зөвлөмж өгсөн юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ