203 ширхэг зоорьтой боловч механикжсан зоорь дутагдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-22 16:13:27

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд нийт 5752 м2 хамгаалагдсан хөрсний тариалан эрхэлж амжилттай ургац авч байна.

Тухайлбал Дэлхийн зөн ОУБ-ын “Завхан аймгийн эдийн засгийн хөгжил, өсөлтөд Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийн дэмжлэгээр Их-Уул, Тэлмэн, Алдархаан, Ургамал, Дөрвөлжин, Шилүүстэй суманд хүлэмжийн аж ахуйг эрхэлж байна. Эдгээр сумдад 10х6-ийн хүлэмж долоон ширхэг,  4х8-ийн хүлэмж хоёр, бага оврын бороожуулагч хоёр ширхэгийг тус тус хүлэмжийн аж ахуй эрхэлдэг иргэдийн бүлгүүдэд төслийн зүгээс олгосон байна. Мөн Улиастай суманд үйл ажиллагаа явуулж буй “Загасан нүд-Загастай” ХХК өвлийн хүлэмжийн аж ахуйг эрхэлж жилийн дөрвөн улирал Улиастайчуудыг нарийн ногоогоор хангадаг. Эднийх 600 м2 талбайд тариалан эрхэлж жилд дунджаар 10-12 тонн эрт ургацын шинэ ногоог хүнсний хэрэгцээнд нийлүүлсэн байна. Аймгийн хэмжээнд нийт 5752 м2 хамгаалагдсан хөрсний тариалан эрхэлж, 30,9 тонн ургац хураан авч байна. Мөн аймгийн хэмжээнд 4560 тоннын багтаамж бүхий 203 ширхэг зоорьтой боловч механикжсан зоорь дутагдалтай байна. Тиймээс зоорийг бүртгэлжүүлж, паспортжуулах ажлыг хийж байна. Мөн хүлэмжийн тариалан эрхлэгчдэд мэргэжил арга зүйн зөвлөгөөг манай мэргэжилтнүүд байнга өгч байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэл өглөө.


Бэлчээрийн талбайн 28 хувьд үлийн цагаан оготно тархжээ

Аймгийн 6.2 сая га бэлчээрийн талбайн 28 хувьд нь үлийн цагаан оготно тархсан байна.

Завхан аймаг нь 8.2 сая га газар нутагтай. Үүний 84.1 хувь буюу 6.9 сая га нь хөдөө аж ахуйн эдэлбэр газар юм. Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын 99.1 хувь буюу 6,2 сая га-г бэлчээрийн талбай эзэлдэг бөгөөд түүний 28 хувьд нь үлийн цагаан оготно тархсан байна. Тиймээс бэлчээр хамгаалах хаврын арга хэмжээний талаар сумдад албан тоот, судалгаа, аргачлалыг хүргүүлж хамтран ажилласан. Сумдаас бэлчээр хамгаалах арга хэмжээний зардалтай холбоотой санал ирүүлснийг аймгийн Онцгой комиссын хурал дээр Улсын Онцгой комиссын даргын 45 дугаар тушаалаар томилогдон Завхан аймагт ажилласан Шуурхай бүлэгт танилцуулж хэд хэдэн асуудлыг шийдвэрлүүлээд байна. Тухайлбал Шуурхай бүлгээс албан тоотоор санал хүргүүлэхийг зөвлөсний дагуу сумдаас судалгаа авч нэгтгэн нийт 77,2 мянган га талбайд оготнотой тэмцэх арга хэмжээний зардал 123,0 сая төгрөгийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн албан тоотыг Улсын Онцгой комисст хүргүүлээд байна. Мөн аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөөнд оготнотой тэмцэх арга хэмжээнд 100 сая төгрөг тусгагдсан боловч санхүүжилт хүлээгдэж байна.

Үлийн цагаан оготно хэт олширсон бүсэд микробиологийн аргаар тэмцэнэ

Завхан аймаг сүүлийн жилүүдэд улс, аймаг, сумын төсвийн хөрөнгө оруулалтаар хавар, намартаа бэлчээрийн хөнөөлт амьтны устгал хийж тоо толгойг нь багасгаж байгаа.

Ялангуяа оготно устгалын ажлыг байгальд хор хөнөөлгүй аргаар малчидтайгаа хамтраад зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жил байгальд хор нөлөөгүй аргаар 20 мянган га-д үлийн цагаан оготно устгах ажиллагааг зохион байгуулжээ. Тухайлбал нүхэнд нь ус хийх, бортого буюу урхи тавих, оготно барьж идэх шувууны суулт хийх зэрэг аргаар тэмцэж нягтаршлыг бууруулж  байгаа ч  үлийн цагаан оготнын тархалт нэмэгдсээр байна.

Тиймээс бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг орон нутгийн онцлогт тохируулан боловсруулж хэрэгжүүлэх, ашиглалтын менежментийг сайжруулах. Ашиглагдахгүй байгаа алсын бэлчээрийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, үлийн цагаан оготныг хэт олшруулахгүй байх тал дээр малчдын оролцоог нэмэгдүүлэх. Энгийн механик, биологийн аргаар тэмцэх илүү олон аргыг тэдэнд зааж сургах зэрэг ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Үлийн цагаан оготнын хөнөөлийг арилгах чиглэлээр тархалтын голомт бүхий томоохон талбайд нэгдсэн цогц байдлаар зохион байгуулах нь үр дүнгээ илүү өгдөг. Тиймээс үлийн цагаан оготно хэт олширсон бүсэд микробиологийн аргаар тэмцэх бодлого баримтлан ажиллана. Ирэх намрын арга хэмжээний зардлыг шийдвэрлүүлж, оготно тархсан сумдад арга зүйн зөвлөмж хүргэж, аймаг, сумдын ЗДТГ-тай хамтран бэлчээр хамгаалах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ