Буриадад хоёр долоо хоног хатуу хөл хорио тогтооно

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-06-24 09:43:14

КРАСНОЯРСК. /RIA Novosti/. ОХУ-ын Буриад улсын эрх баригчид коронавирусний халдварын нөхцөл байдал улам хүндэрч байгаатай холбогдуулан зургаадугаар сарын 27-ноос эхлэн хоёр долоо хоног хязгаарлалтын хатуу арга хэмжээ авахаар болсныг бүс нутгийн шуурхай штаб мэдээлжээ.  


"Зургаадугаар сарын 27-ноос долоодугаар сарын 11-ний өдрүүдийг ажлын бус өдрөөр зарлаж байна. Хоёр долоо хоногийн турш эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ, хүнсний дэлгүүр, зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн борлуулдаг худалдааны байгууллага, эмийн сан, орон сууц, нийтийн үйлчилгээ, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас бусад бүх аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хориглоно. Авч буй хязгаарлалтын гол зорилго нь таван долоо хоног дараалан хүндэрч буй цар тахлын нөхцөл байдлыг өөрчлөх явдал юм" гэж шуурхай штаб мэдээлсэн байна.


Түүнчлэн Байгал, Щучье нуурын чиглэлд байрладаг олон нийтийн амралт зугаалгын газруудын үйл ажиллагааг хязгаарлана. Үүнээс гадна, 14-өөс доош насны хүүхдүүд зөвхөн томчуудтай хамт гадаа гарч болно.


Буриадад лхагва гаргийн өглөөний байдлаар, коронавирусний халдварын 42 435 тохиолдол бүртгэгдсэнээс 258 нь сүүлийн 24 цагт илэрсэн байна. Халдвар авсан хүмүүсийн талаас илүү хувь нь нийслэл Улаан-Үд хотын оршин суугчид аж. Буриадад таван долоо хоног дараалан өвчлөл нэмэгдсэн байна. “COVID-19” өвчнөөр 1066 хүн нас баржээ. Эмнэлэгт одоогоор коронавирусний халдвар авсан 2866 өвчтөн эмчлүүлж байна.


Холбоотой мэдээ