Хөтөлбөрт хамрагдах малчин өрхөд таван сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-24 15:28:00

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар “Малжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж байна.

Аймгийн цөөн малтай, орлого багатай иргэдийг малжуулж, мал маллагааны арга ажиллагаанд сургах, аж ахуй эрхлэх ур чадвар олгон, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор энэ хөтөлбөрийг 2023 он хүртэл хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрт хамрагдах малчинд тус аймгийн харьяат байх, 20-48 хүртэлх насны хоёроос доошгүй гишүүнтэй, 150-250 хүртэл толгой малтай, хашаа хороо саравч зэрэг мал ах аж ахуй эрхлэх материаллаг баазтай малчин өрх байхаас гадна бусадтай хамтран аж ахуй эрхлэх боломжтой, нийтийг хамарсан ажилд идэвхтэй оролцдог байх зэрэг шалгуур тавьсан байна.

Малжуулах хөтөлбөрийг аймгийн малыг эрсдэлээс хамгаалах сангаас санхүүжүүлэхээр төлөвлөж, нэг малчинд 5,0 сая хүртэл төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож, мал худалдан авч өгөх бөгөөд хоёр жилийн дараа уг хөрөнгийг бэлэн мөнгөөр эргүүлэн төлөх ажээ.

Холбоотой мэдээ