Хотын захиргааны шинэ байранд дахин 140 ор дэлгэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-06-28 17:41:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавируст цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний хүрээнд Шуурхай штабаас зохион байгуулж буй ажлын талаар тайлагнав.


Төвийн зургаан дүүргийн 108 хорооны нутаг дэвсгэрт 38 автобус явуулын амбулаторийн үйлчилгээ үзүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 6369 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 41.4 хувь нь хөнгөн шинж тэмдэгтэй аж. Өнөөдрөөс эхлэн 12-оос дээш насны хүүхдүүд Файзер”-ын вакцинд хамрагдахтай холбогдуулан 22 суурин, найман явуулын дархлаажуулалтын цэгт 42 багийн 262 эмч ажиллахаар зохион байгуулжээ. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн засаг захиргааны шинэ байранд яаралтай тусламжийн түр төвийг байгуулсан. Эхний ээлжинд 145 орыг тоноглон дэлгэсэн бөгөөд иргэдийг хүлээн авч, шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлээд байна. Түүнчлэн дахин 140 орыг доод давхарт нь дэлгэх боломжтой хэмээн Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцууллаа.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс аж ахуй нэгжүүдтэй байгуулж буй “Хариуцлыг гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Мөн дүүрэг, хороодын Засаг дарга, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагуудад цар тахлыг бууруулах ажлын хүрээнд сайн дураар ажиллах эмч, сувилагч нарын бүртгэл, судалгаа гаргаж, ажиллах хүчний нөөц, санхүүгийн тооцоог гарган ажиллахыг  үүрэгдсэн юм. Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийж байгаа тохижилт, цэцэрлэгжүүлэлт, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангуулж, хэрэгжилтэд хяналт тавихыг харьяа байгууллагуудад чиглэл болгов гэж  НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

 

Холбоотой мэдээ