Найруулагч Б.Баатарыг саатуулсан байж болзошгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-06-25 16:53:17

"Херо" энтертайнмент студийн найруулагч Б.Баатарыг өчигдөр Цагдаагийн байгууллагаас саатуулсан байж болзошгүй талаар тус студийн уран бүтээлчид өнөөдөр "Монгол ньюс" төвд мэдээлэл хийлээ. 

Өчигдөр орой "Херо" энтертайнмент студийн байранд цагдаа нар нэгжлэг хийж битүүмжилсэн. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдэгдэлд "Сонгуулийн 9 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Элдэв-Очирын нэр төрд халдах зорилгоор "Херо" энтертайнмент студийн зохион байгуулалттай бичлэг бүхий мэдээллийг бэлтгэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараахаар бэлтгэж буй мэдээлэл ирсэн Сонгуулийн хуулийг зөрчихгүй, нэр дэвшигчдэд шударгаар өрсөлдөх боломжийг хангаж ажиллана уу" гэсэн юм. 

"Херо" энтертайнментын найруулагч Ц.Мөнх-Очир, "Ахлах мөрдөн байцаагч, хошууч С.Солонго гэж өөрийгөө танилцуулсан хүн мэдэгдэл өгөх гэж ирснийг нь гарын үсэг зураад хүлээж авсан. Манайд тэр хүнтэй холбоотой хийж байгаа зүйл огт байхгүй. Гэтэл мэдэгдэл хүлээж авсны дараа компьютер, бичиг баримтыг шалгаж эхэлсэн.  Шөнийн 12.00 цагаас хойш студид биднийг оруулаагүй. Нэгжлэг хийх прокурорын зөвшөөрлөө үзүүл гэхэд байхгүй байсан. Б.Баатар найруулагч хөдөө явж байгаад дуудагдаад ирэхэд хошууч С.Солонго ганцаарчилж уулзах хүсэлт тавьж 04.00 цагт Баянгол дүүргийн хэсэг рүү явсан. Харин үүнээс хойш Б.Баатарын утас нь холбогдохгүй болсон учир түүнийг баривчлагдсан байх гэж үзэж байна" гэв.

Н.Туяа

Холбоотой мэдээ