“Буриадын Үнэн” хэвлэлийн газар хүүхдийн шүлгийн уралдаан зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-08 13:07:34

Улаан-Үд. /burunen/. “Буриадын Үнэн” сонины 100 жилийн ойн хүрээнд хүүхдэд зориулсан шүлгийн уралдаан зарлаж буйгаа “Буриадын Үнэн” хэвлэлийн газар мэдээлжээ.


Энэхүү уралдаан нь сургуулийн өмнөх насны болон бага сургуулийн хүүхдэд зориулж яруу сайхан шүлгийг буриад хэлээр зохиох авьяас чадвартай, уран сэтгэмжтэй яруу найрагчдыг шалгаруулах зорилготой аж.


“Зун бол хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөдөг улирал билээ. Иймд бид “Буриадын Үнэн” сонины 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх хэд хэдэн төслүүдийг хүүхдийн шүлэг зохиох уралдаанаар эхлүүлж байна. Биднийг ээж, аавууд, эмээ, өвөө нар дэмжинэ гэж найдаж байна. Уралдаанд хаанаас ч оролцох боломжтой бөгөөд насны хязгаар байхгүй. Сайхан мэдээ дуулгахад, уралдааныг Монгол түмэнд танигдсан “Бадма, Чагдар” төслийн найруулагч, зохиогч Эрдэни Жалцановтай хамтран явуулна” хэмээн төслийг санаачлагч, “Буриадын Үнэн” хэвлэлийн газрын орлогч захирал Норжима Цыбикова мэдэгджээ.


Бүтээлийг 7 дугаар сарын 5-наас 9 дүгээр сарын 5-ны хугацаанд “unen-1@mail.ru” хаягаар хүлээн авах бөгөөд уралдааны дүнг 9 дүгээр сарын 15-нд зарлах аж. Шилдэг бүтээлүүдийг шүлгийн номонд оруулж, дүрслэлийг найруулагч Эрдэни Жалцанов гаргах юм байна. 



Холбоотой мэдээ