Түүх археологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги боловсруулж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө түүх археологийн аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх тухай тусгасан. Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд тэрбээр Архангай аймгийн Өлзийт суманд ажиллаж, төслийг хэрэгжүүлэх зорилгоор стратеги боловсруулж эхэллээ.
“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд Өлзийт, Хайрхан, Эрдэнэмандал, Батцэнгэл суманд бичил төсөл хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлалын маршрут тогтоох төслийн багийнхантай аймгийн Засаг дарга Д.Золжаргал уулзаж, мэдээлэл солилцжээ.
Уулзалтад Улаанбаатар аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал, төслийн зөвлөх Д.Гэрэлтөв, Монголын нууц товчоо судлаач, газарзүйч, түүхч, профессор О.Сүхбаатар, “Улаанбаатарын их сургууль”-ийн Археологийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Т.Идэрхангай, Монголын үндэсний их сургуулийн аялал жуулчлалын багш, судлаач Б.Ербахыт, гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнэ нар оролцлоо.
Эргэн санахад: “Улаанбаатарын их сургууль”-ийн Археологийн тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Т.Идэрхангайгаар ахлуулсан багийнхан Луут хотын туурийг Архангай аймгийн Өлзийт сумын нутаг дэвсгэрээс илрүүлсэн. Энэ нь Монголын төдийгүй дэлхийн шинжлэх ухааны салбарт томоохон нээлт болж байв.