ЦАГ ХУГАЦААГ НЭЭСЭН ТҮҮХ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2021-07-08 20:31:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


I.


Ширээн дээр минь нэгийг нь хэдэнтээ уншсаны улмаас ирмэг хуудас нь нугаларч үнгэгдсэн, нөгөөг нь тодруулагч, бал хоёроор ээлжлэн сараачиж орхисон хоёр зузаан ном тавиастай харагдана. Өрнийн уран зохиолын анхдагч бүтээлүүдэд зүй ёсоор тооцогддог Хомэрийн “Илиада”, “Одиссэй” хөлгөн туульс барагцаалвал 2600 жилийн тэртээгээс өдгөө Монголд бүрэн эхээрээ орчуулагдсан нь энэ. Арван жилийн сурагч ахуй насандаа уран зохиолын номноос нэрийг нь дуулж, хүүрнэл хэлбэрийн хэсэгчилсэн орчуулгуудаар л уншиж байсан билээ. Полифемийн агуйд хоригдож, Лянхуа идэштний орноос зугтаж, усны мангас Харибдагаас аюулгүй мултарч, Одиссэй баатрын хамт олон зуун хоногийг хамт туулан аялдаг байв. Харин “Илиада” туулийн зарим үйл явдлыг кинон дээрээс л илүүтэй үзэж, баатруудын нэрийг сонсож байсан санагдана. Гэвч ихэнх алдартай кино эх зохиолоосоо давж гардаггүйн жишээг ч мөн давтсан билээ. Нөгөөтээгүүр 2004 онд “Илиада” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Трой” киног зохиолоос нь өөрчилсөн байдаг.


Анх арван дөрвөн настай байхдаа “Одиссэйн домог” гэх номыг ээж минь надад хийж өгсөн юм. Хүүхдийн сонины хайлчилбар, ном дээрх товчилсон оруулга, өөрийн сонсож, уншиж мэдсэнээ түүвэрлэн цуглуулж найруулаад бяцхан ном болгочихсон байж билээ. Ер нь ээж минь хүүгээ багаас нь л номд шимтүүлж, уран зохиолын баялаг ертөнцөөр аялуулан төсөөллийг минь урлан бүтээж өгсөн юм. Харин өдгөө Хомэрийн алдарт туульс эх монгол хэлний эрмэг сайхан үг хэллэг, утга найруулгад бууж, уншигчдын гар дээр очжээ.


Тус бүтээлийг орчуулсан Д.Цахилгаан “Би Хомэрийн туульсийг монгол хэлэнд бус монгол сэтгэлгээнд буулгасан” хэмээн хэлж байв. Аливаа зохиол бүтээлийг эх хэл рүүгээ хөрвүүлэхдээ уншигчдын оюун санаа, сэтгэлгээний онцлогт зориулна гэдэг нь өөрөө дахин зохиол туурвиснаас огт ялгаагүй санагддаг.


II.




Хэдхэн хоногийн өмнө “Монсудар” хэвлэлийн газрын цахим хуудаснаас орчуулагч Д.Цахилгааны яриаг олж сонссон юм. Түүн дотроос “Хомэр хоёр мянганы тэртээгээс хоёр номоо барьчихаад л над руу яваад байж” хэмээн хошигносон аястай өгүүлсэн нь санаанд тодхон үлджээ. Үнэхээр л 2600 жилийн өмнө зохиогдсон гэх эл тууль монгол хэлээр нэлээд хожуу орчуулагдсан нь энэ. Гэвч шүлэглэсэн бүтээлийг гадаад хэлнээс хөрвүүлэхэд дахин зохиомжлох шаардлага тулгардаг. Өөрийн хэлээр дахин бүтээнэ гэсэн үг. Харин хүүрнэл зохиолын хувьд үг үсэг, өгүүлбэрийн утга санааг эвдэхгүй байх нь чухал. Тиймээс аливаа ном зохиолыг орчуулах, бүтээл урлахуйн үйл явц нь цаг хугацаанаас ямагт ангид оршино.


Нөгөөтээгүүр тэндээ гацчихсан цаг хугацааг нээж, эл хоёр туулийг олсон байж болно. Тиймдээ орчуулагч нь Хомэрийн уран бүтээлтэй холбогдох түүхэн зохиолуудыг уншиж, бүтээлүүдээ эхнээс нь олон дахин нүдээрээ мэтгэж, мутраараа цаасан дээр үгсийг бийрлэсээр цаг хугацаатай хамт гацсан их түүхийг бидэнд нээж өгөв.


Д.Цахилгаан Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутагт төржээ. Ээж нь үлгэр домгийг аялгуулан ярьж, айл хотлын хүмүүстээ сонирхуулдаг хүн байв. Угаас монголчууд аман зохиолын эртний уламжлалтай, тууль хайлдаг ард түмэн. Алтайн уулсын магтаалгүйгээр эхэлдэг туульч манайд ховор. Тэр л туулийн оронд бага насаа өнгөрүүлж, ээжийнхээ ярьдаг үлгэр домгийг чихрээс илүүтэй хүлхэж өссөн хүү хожмоо хөдөөгийн уул талаар соёлыг тарих “сэхээтэн” хэмээн нэрлэгдэж, өдгөө өмнө буй хүн төрөлхтний хоёр их хөлгөн туулийг монгол хэлнээ хөрвүүлжээ. Тэрээр энэ тухайгаа: “Надад толь бичгүүд их чухал байсан. Орчуулах явцдаа Шагж, Цэвэлийн толь, Дамбажавын монгол хэлний тайлбар толь зэргийг ашиглаж, хуучны сайхан монгол үгсийг хайж олж, оруулсан. Ингэснээр илүү монгол сэтгэлгээнд зохируулж буулгасан хэрэг. Учир нь гадаад хэлнээс аливаа бүтээлийг орчуулахдаа монгол эгшиглэн, уламжлалаа хадгалах хэрэгтэй” гэв.


Хомэрийн туулиуд “хекзаметр” буюу урт үе бүхий шүлэгчилсэн хэлбэрээр бичигдсэн. Манайд ийм төрлийн туульс, найраглалын эртний уламжлалт зохиолууд олон. Тиймдээ ч монгол хэлнээ хөрвүүлэхдээ бүлэг тус бүрийн “дуулал” хэмээх үгийг “хайлаан” болгож буулгасан нь туйлын оновчтой сонголт юм. Учир нь монголчууд их хөлгөн туульс уянгалуулан дуулахыг “тууль хайлах” гэж нэрийддэг. Мөн “Илиада” туулийн хоёр дахь хайлаанд Агамемнон хаанд Зевс ялалтын тухай хуурамч зүүд илгээж, Ахейн эрс дайтахаар зэхэж буй зураглал гардаг хэсэг бий.





Холын тэртээ, Бага Азийн ногоон нугад

Хуйрнан шуугиж, газар доргион буудгийн адил
Үй түмэн, морьтой явган их цэрэг Скамандр мөрний хөндийд
Нүүгэлтэн орж ирэхэд хөрст газар хөдөлж байлаа
Хөл доор хөглөрөх цэцэг ногооноос хүн нь олон байлаа.


Хавар саалийн цагаар малчны хот руу тоо томшгүй
Хар ялаа шавалдан ирдгээс ч хавьгүй олон цэрэг
Харийн хотыг хаман эзлэхээр багширалдан нүргэлж
Ханагар хөндийд багтаж ядан түрхэрч байлаа”.


Д.Пүрэвдоржийн дайны тухай хэдэн сайхан найраглалд гарах дүрслэл шиг л уншигдана. Үнэхээр л “Монгол сэтгэлгээнд зориулж буулгана” гэдэг энэ шүү дээ гэж бодно. Олон эрс “хөндийд багтаж ядан түрхэрч байлаа” гэхээр монгол ардын баатарлаг туульд гардаг дүрслэлүүд л санаанд бууж байна. Гэвч энэ Ахиллын уур хилэнг ариун дархи магтан дуулж эхэлдэг Грекийн сонгодог бүтээл. Гол нь монголд хэлэнд ийн яруу тансаг буулгажээ. Бид гадаад хэл сурч, эрдэм боловсролыг дээдлэх болсон нь хамгийн зөв зүйл. Гэхдээ ямар ч орны сонгодог бүтээлийг ямагт эх хэлнийхээ ид хав гүйцсэн баялаг орчуулгаар унших л сайхан санагддаг билээ.


III.




Д.Цахилгаан 1994-2001 оны хооронд БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байв. Гэхдээ тэрбээр “Элчин сайд асан” гэж хэлүүлэх дургүй. Учир нь “Би зарлигаар томилогдсон хүн учраас элчин сайдын ажлыг насан туршдаа л хийх болно. Зөвхөн тухайн улсад сууснаар алба хашдаггүй юм. Би бүтээж, туурвиж, ард түмнийхээ төлөө, тусгаар Монголын төлөө ажиллаж байгаа цагт энэ алба дуусахгүй” хэмээж байв.


Анх “Өвгөн тэнгис хоёр”-ыг Ц.Сүхбаатар гуай орчуулан хэвлэхээр болоход англи хэлтэй нь тулган харьцуулж байв. Мөн сэтгэл ээнэгших юм уу, нэг их бодол болон суух агшин хугас мөчүүдэд шүлэг бийрлэж сэтгэлийн амгалангаа ургуулна. Түүхийн олон арван ном гаргаж, судалгааны олон бүтээлд редактораар ажиллав. Басхүү сүүлийн үед зохиолчид төдийлөн туурвихаа больсон найраглалын төрлөөр хэд хэдэн бүтээл туурвижээ. Ингэж өөрийгөө бэлдэж, бичих ажилд улам туршлагажиж, сая болсон гэх цагт “Илиада”, “Одиссэй”-н орчуулгыг хийж гүйцэтгэжээ.


2004 онд албан ёсоор тэтгэвэртээ гарсны дараа газар үзэхээр аялах, эсвэл гэртээ үр ачаа өхөөрдөн тайван амарч суухын алийг нь ч сонгосонгүй. Энэ бүхэн болох жамаараа өрнөж, өдөр тутмын амьдралд орж ирдгээрээ ирсээр байх үйл явдлууд байв. Хамгийн гол нь эхнэрийнхээ бичсэн “Тэтгэвэрт гарна гэдэг нь өөртөө байгаа нөөц бололцоог илрүүлэн ашиглахыг хэлнэ” гэсэн үгийг зорилго болгож ирэв. Тиймээс л дээр дурдсан онд “Хүмүүнлэгийн ухааны их сургуул”-ийн “Олон улсын харилцааны тэнхим”-ийг үүсгэж байгуулсан юм. Өөрөө ч тэнхимдээ үргэлжлүүлэн таван жил багшилжээ. Ямар нэгэн үйл бүтээхэд “хөдөлмөр” хамгийн чухал. “Амар тайван байж, аз жаргалтай аж төрнө гэдэг нь юу ч хийхгүй зүгээр суухыг хэлэхгүй” гэх үгийг Д.Цахилгаан ихэд онцлон дурдсан билээ.


IV.




Цаг хугацаа юмсыг мартуулдаг, эдгээдэг, бүдгэрүүлдэг, бүтээдэг, бас ирээдүйг авчирдаг. Гэхдээ олон сонгодог бүтээлүүд бидний олж нээгээгүй цаг хугацаанд түгжигдсэн байж болно. Лесбосын уянгалаг Сапфогийн хэдэн мөрийг хадгалсан тасархай хуудсууд олдоогүй бол дараагийн олон олон уянга төрөхгүй байсан ч байж мэднэ. Бүтээл урлах, соён гэгээрэл үүнтэй л адилхан. Ямархан нэг хаалттай цаг хугацааг нээж гайхалтай түүх босгохыг хэлнэ. Тийм туурвилч, тэгж чадсан хүмүүсийн нэг бол яах аргагүй Д.Цахилгаан мөн билээ.  


Гэрэл зургийг | М.Нямжаргал

Холбоотой мэдээ