Барилга угсрахдаа орчны аюулгүй байдлыг хангахыг зөвлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-07-09 17:12:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хот байгуулалт, хөгжлийн газраас тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 4-ний хооронд 112 барилгын талбайд барилгын түр хашаа, хамгаалалтын торыг норм, стандартад нийцүүлэх, орчны аюулгүй байдал хангагдаж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийжээ. 


Шалгалтаар барилгын түр хашааны шаардлага хангаагүй, орчны аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй 44 барилгын захиалагч иргэн, аж ахуй нэгжид Нийслэлийн Ерөнхий архитекторын зөрчил арилгах тухай шаардах хуудсыг хүргүүлсэн. Үүнээс 14 барилгын захиалагч иргэн, аж ахуй нэгжээс зөрчлөө арилгасан тухай тайлбар ирүүлээд байгаа тухай Хот байгуулалт, хөгжлийн газраас мэдээллээ.


Мөн барилга угсрах ажил хийгдэж дуусалгүй удаан хугацаагаар зогссон, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй хотын төвд байрлалтай 10 барилгад Барилгын тухай хуульд заасан хамгаалах горимд шилжүүлэх, барилгын түр хашаа, саравчийг стандартын дагуу хийх, төсөл хэрэгжих хугацаа, төлөвлөгөөг ирүүлж орчны аюулгүй байдлыг хангуулах тухай зөвлөмжийг албан бичгээр хүргүүллээ. Барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүд барилга угсралтын ажлыг гүйцэтгэхдээ холбогдох хууль, норм, дүрмийг мөрдөн, орчны аюулгүй байдлыг хангаж ажиллахыг тус газраас зөвлөж байна.

Холбоотой мэдээ