Эргүүл хяналт тогтмол ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-13 08:44:57

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас иргэдийг гол усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор өдөр бүр голын эрэг орчмоор хөдөлгөөнт болон явган эргүүл ажиллаж байна. Эргүүлийнхэн иргэдэд санамж сэрэмжлүүлэг тараан, анхааруулга зөвлөмж өгч хяналт тавьж байгаа аж.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд голуудын усны түвшин их байгаа тул тус Цагдаагийн газраас голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. Үүнд:

-Голуудын усны түвшин их байгаа тул голын эрэг дагуу аль болох амарч зугаалахгүй байх,

-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, усны ойролцоо тоглуулахгүй, хүүхэддээ тавих харааны хяналтаа сайжруулах,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол уснаас хол байж, аюулгүй байдлаа хангах,

-Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, болгоомжтой зорчих,

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих,

-Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, дохиог хүлээн авсан даруйдаа бусдад дамжуулах, түгээх,

-Гэр, хашаа, саравч, орон байрыг гуу жалга, голын ойролцоох эрэг, татамд барихгүй, суурьшихгүй байх,

-Үерийн ус зайлуулах суваг шуудуу, далан хашлага барих зэргээр үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Холбоотой мэдээ