Вакцины эхний тунд хамрагдсан үзүүлэлтээр Европ АНУ-г гүйцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-07-19 14:52:41

ПАРИС. /TASS/. Европ тивд вакцинжуулалт үргэлжилж буй бөгөөд хүн амаа вакцины эхний тунд хамруулсан үзүүлэлтээр АНУ-ыг гүйцлээ хэмээн дотоодын зах зээл хариуцсан Европын комиссар Тьерри Бретон мэдэгджээ.


“Европ коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн үзүүлэлтээр тивийн хувиар нэгдүгээрт жагсаж байна. Бид өнгөрсөн долоо хоног АНУ-ыг ардаа орхилоо. Саяхныг хүртэл энэ бүхэн боломжтой гэж хэний ч санаанд ороогүй болов уу” хэмээн тэрбээр хэлсэн байна.


“Ингэснээр Европ вакцинжуулалтын хүрээнд бие даасан байдлаа батлан харуулж байна. Илүү олон хүн вакциндаа хамрагдана гэдэг цар тахалтай хийж буй тэмцлийн гол элемент юм. Бид цар тахлын нөхцөл байдлаасаа гарч чадаагүй байгаа хэдий ч бидэнд гарах арга хэрэгсэл нь байгаа бөгөөд ашиглах хэрэгтэй гэдгээ бид мэднэ” хэмээн Европын комиссар мөн хэлжээ.


Бямба гаргийн байдлаар Европын иргэдийн 55.7 хувь нь вакцины эхний тунгаа хийлгэсэн бол Америкчуудын хувьд энэ үзүүлэлт 55.5 хувьтай байжээ. Харин хоёр дахь тунд хамрагдсан үзүүлэлтээр АНУ Европын өмнө бичигдэж байна. Тус улсад хүн амынх нь 48.1 хувь нь хоёр дахь тунгаа хийлгээд байгаа бол Европт 42.5 хувь нь вакциндаа бүрэн хамрагдаад байна. 


Холбоотой мэдээ