Хятадаас БНАСАУ-д нийлүүлсэн боловсруулсан нефтийн хэмжээ өсжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-07-21 13:28:06

СӨҮЛ. /Yonhap/. БНХАУ өнгөрсөн зургаадугаар сард БНАСАУ руу 10 мянга гаруй торх боловсруулсан нефть нийлүүлсэн нь сүүлийн 11 сард бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болсныг Хятадаас НҮБ-д илгээсэн тайлан мэдээлэл харуулжээ.


БНАСАУ-ын эсрэг авсан хоригийн хэрэгжилтийн талаарх Хятадын тайланд дурдсанаар, Бээжин Пёньянд өнгөрсөн сард 10725 торх буюу 1288 тонн боловсруулсан нефть нийлүүлсэн байна.


Энэ нь Хятадаас Умард Солонгост өнгөрсөн оны долоодугаар сард 12479 торх боловсруулсан нефть нийлүүлснээс хойш сард бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Харин ОХУ өнгөрсөн оны 10 дугаар сараас энэ оны тавдугаар сар хүртэл БНАСАУ-д ийм төрлийн бүтээгдэхүүн нийлүүлээгүй гэдгээ НҮБ-д мэдээлжээ. Хятад, Орос нь Пёньяны эрчим хүчний гол нийлүүлэгчид юм.


БНАСАУ энэ оны эхний хагасын хугацаанд 23750 торх боловсруулсан нефть нийлүүлэн авсан нь НҮБ-ын тогтоолоор тогтоосон хязгаараас хавьгүй бага үзүүлэлт юм.


БНАСАУ-ыг холын зайн тусгалт пуужин хөөргөсний дараа 2017 онд баталсан уг тогтоолын хүрээнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл тус улсын жилд нийлүүлэн авах нефтийн хэмжээг 500 мянган торхоор /60-65 мянган тонн/ хязгаарласан юм.


Энэхүү тогтоол нь БНАСАУ-д хэдий хэмжээний боловсруулсан нефть нийлүүлснээ сар тутам мэдээлэхийг гишүүн орнуудаасаа хүсдэг билээ. 

Холбоотой мэдээ