Айл өрхүүд цахилгаан дамжуулах зурваст буух зөрчил арилахгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-07-22 19:13:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийг өнгөрсөн онд шинэчлэн батлаад байна. Дүрмээр 1-20 квт цахилгаан дамжуулах агаарын шугамын захын шугмаас 2 метрийн зайд айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага байрлах ёстой юм. Тэгвэл нийслэлд өнгөрсөн онд 6425 хэрэглэгч эрчим хүчний цахилгаан дамжуулах шугам сүлжээний хамгаалалтын зурвас бүсэд буусан байна. Үүний 5192 нь айл өрх, 972 нь аж ахуйн нэгж, 264 нь гарааш, контейнерийн дээгүүр хамгаалалтын зурвас зөрчсөн хэрэглэгч байна. 

Иргэд, айл өрх холбогдох дүрэм журмын талаар мэдээлэл дутмаг, мөн үл тоодгоос хамгаалалтын зурваст амьдарсаар байна. Тухайлбал, цахилгааны тулгуур багана айлын хашаанд орсон байх зөрчил гарсаар байгаа аж. 

УБЦТСүлжээ ТӨХК зөрчлийн талаар жил бүр мэдэгдэл хүргэж ажилладаг байна. Хамгаалалтын зурвас зөрчсөн иргэд, айл өрх, байгууллагад зөрчлийг таниулж, зөвлөж сургаж хэлдэг боловч шаардлага хүргэхээс хэтэрдэггүй, албадан нүүлгэх, чөлөөлүүлэх эрх байдаггүй учир мэргэжлийн хяналт зэрэг бусад хоблогдох байгууллагатай хамтран ажилладаг байгаа талаар УБЦТС ТӨХК-ийн Хяналт, аюулгүй ажиллагааны хэлтсээс мэдээлж байна. 




Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам нь хүчтэй салхи шуурга, үе усны аюул зэрэг шалтгаанаар гэмтэл гарахад хамгаалалтын зурвас дотор суурьшиж буй ААН, айл өрхийн иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох эрсдэлтэйг сануулж байна. Ийм нөхцөлд хамгаалалтын зурвасыг зөрчсөн айл өрх, аж ахуйн нэгжид бүсийг чөлөөлөх шаардах бичиг хүргүүлдэг боловч төдийлөн үр дүнгүй зөрчил даамжирсаар байна. 35, 120, 220 квт-ын агаарын шугамын хамгаалалтын зурваст 2019 онд 271 ААН байсныг чөлөөлүүлж, 2020 онд 241 болгон бууруулжээ. Айл өрхийн тоо 2019 онд 860 байсан боловч өнгөрсөн онд нэмэгдэж, 962 болжээ. 




Газар чөлөөлөх ажлыг холбогдох байгууллагатай хийдэг боловч чөлөөлсний дараа айл өрхүүд эргээд буудаг зөрчил гарсаар байгааг ЭХЯ-ны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас мэдээлж байна. Цаашид цахилгаан шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тэмдэглэжүүлэх, айл өрх байгууллагыг нүүлгэж, суурьших байдлыг таслан зогсоох хэрэгцээ шаардлага нь эрчим хүчний системийн аюулгүй байдлыг хангах талаасаа тавигдаж буйг техникийн болон хяналтын инженер, мэргэжилтнүүд хэлж байна. 


Холбоотой мэдээ