Токиогийн олимпын нээлтийн ёслол өнөөдөр Улаанбаатарын цагаар 19.00 цагт эхэлнэ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-07-23 10:42:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр цэнгэл болох “Токио-2020” Зуны XXXII олимпын наадам өнөөдөр албан ёсоор нээлтийн ёслолоо Монголын цагаар 19.00  цагт хийнэ.

 

Энэхүү олимпын наадмын "Токио-2020" Зохион байгуулах хорооны ёслолын ажиллагааны гүйцэтгэх продюсер Такаюки Хиоки ярихдаа: “Олимпын наадам хойшилсон учир бид нээлтийн үйл ажиллагаагаа хялбарчлах болсон нь хамгийн хэцүү хэсэг нь байлаа. Бид ч үзэгчдэд хүргэх гэсэн санаагаа эрс шинэчлэх шаардлагатай болсон. Бараг 5 жил төлөвлөсөн зүйлээ дахин шинэчлэх хэрэгтэй болсон. Энэ бол хамгийн том сорилт байлаа” гэжээ.

 

Анх удаа дэргэдээ үзэгчгүй олимпын наадам ийнхүү "Хөшиг"-өө нээж байгаа гэдгээрээ түүхэнд тодоор бичигдэх юм. Цар тахлын улмаас олимпын наадмын нээлтийн ёслолд зөвхөн сонгогдсон албаны хүмүүс оролцоно. Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Хидэмаса Накамүра: “Нээлтийн ёслолд 950 гаруй тусгай зочид өнөөдрийн нээлтийн ёслолд оролцохоос тэдний 800 нь гадаадын зочид бол 150 нь Япончууд байх юм.

 


Мөн Токиогийн олимпын нээлтэд Японы уран бүтээлчид болох Сэйгэн Токүзава, Марихико Хара, Маяасүки Кагэй болон комедигийн хослол Хиро-Пон нар оролцох аж.

 

Японы эзэн хаан Нарүхито гэр бүлээ төлөөлөн ганцаараа олимпын нээлтийн ёслолд оролцоно.

 

Монгол Улсын баг тамирчид Зуны олимпын наадамд 14 дэх удаагаа оролцож байгаа бөгөөд монголчууд анх 1964 онд Япон улсын Токио хотноо зохион байгуулсан XVIII олимпын наадамд оролцож байсан түүхтэй. Ийнхүү Монголын баг тамирчид 57 жилийн дараа арлын Япон орны нийслэл Токио хотноо болох XXXII олимпын наадамд өрсөлдөх гэж байна.   

 

Энэхүү олимпын наадамд Монгол Улсаас бокс, жүдо, чөлөөт бөх, байт харваа, буудлага спорт, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлт, ширээний теннис, хөнгөн атлетик, хүндийг өргөлт гэсэн спортын 10 төрөлд 43 тамирчин хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм. Монголчууд өмнө нь “Москва-1980”, “Рио-2016” олимпын наадамд 43 тамирчаа оролцуулж байсан бөгөөд уг дээд амжилтыг энэ удаа давтаж байгаа билээ.

 

Токиод өрсөлдөх тамирчдаас О.Гүндэгмаа, С.Батцэцэг, Д.Сумъяа нарын олимпын медальт тамирчид болон М.Уранцэцэг, Э.Цэндбаатар нарын өмнөх олимпын наадмаас шагналт байр эзэлж байсан гавьяат тамирчид ч энэ удаа олимпын медалийн төлөө өрсөлдөх юм.


Бас нэгэн онцлог гэвэл Монголын баг анх удаа спортын 10 төрөлд өрсөлдөхөөр Токиод ирсэн бөгөөд багийн төрөлд анх удаа 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй олимпын дэвжээнд өрсөлдөнө. Мөн ширээний теннисний спортын төрлөөр монголчууд олимпод анх удаа хүч, ур чадвараа сорих юм.

 

Монголын баг тамирчдын хувьд анх удаа баг тамирчдын олонхийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа бөгөөд 25 эмэгтэй тамирчин Токиод оролцох бол 18 эрэгтэй тамирчин хүчээ сорихоор ирсэн байна. Өмнө нь оролцож байсан олимпын наадмуудаас “Мюнхен-1972”, “Монреал-1976” олимпод тус бүр хамгийн цөөн буюу 2 эмэгтэй тамирчин өрсөлдөж байсан бөгөөд бусдад нь эрэгтэй тамирчид давамгайлж, олонхи болж байсан юм.  

 

Монголын баг тамирчдын тэмцээн уралдааны салхийг хагалж өнөөдөр байт харвааны спортын төрөлд ОУХМ Б.Урантунгалаг, Отгонболд нар цэц мэргэнээ сорин өрсөлдөнө.

 

Монгол Улсаас 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тамирчид, дасгалжуулагчид болон албаны хүмүүс Токиод очоод байгаа бөгөөд үндэсний шигшээ багийн олимпын туг баригчаар гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр /жүдо бөх/, 3х3 сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан нар сонгогдсон.

 

Улс орнуудын баг тамирчид Токиогийн олимпын нээлтийн ёслолд оролцох гишүүдийн тоог зарлаад эхэлжээ.

 

Тухайлбал, Австрали улсаас олимпын нээлтийн ёслолд 50 тамирчин болон албаныхан жагсах бөгөөд багийн нийт гишүүдийн тоо нь 472 юм байна.

 

БНСУ-аас 26 тамирчин жагсах бол багийн олимпын туг баригчаар Хван Сүн Вү, Ким Ён Күг. Багийн нийт гишүүдийн тоо 354 /Үүнээс 232 нь тамирчин/

 

Энэтхэг улсаас олимпын нээлтэд 50 тамирчин болон албаныхан жагсана. Нийт гишүүдийн тоо – 228 /Үүний 119 нь тамирчин/

 

Канадаас олимпын нээлтэд 30-40 тамирчин. Туг баригчаар Миранда Айм, Натан Хираяама. Багийн гишүүдийн тоо нь 370 хүн байх юм байна. 

Холбоотой мэдээ