Месси шигшээ багаасаа гарав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТАСТАНА. /KAZINFORM/. Америк тивийн цомын тэмцээний /Copa America/ шувтаргын тоглолтод торгуулийн цохилт алдаж, Чилийн шигшээ багт хожигдсоныхаа дараа Аргентины алдарт хөлбөмбөгчин, “Барселона” багийн довтлогч Лионель Месси шигшээ багаасаа гарч байгаагаа мэдэгдлээ.
“Миний хувьд Аргентины шигшээ багт гүйцэтгэх үүрэг үүгээр дуусч байна. Би чадах бүхнээ хийсэн” гэж 29 настай довтлогч хэлжээ.
2008 оны Олимпод алтан медаль хүртсэн нь Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд байхдаа олон улсын тэмцээнд гаргасан Мессигийн цорын ганц том амжилт юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд Аргентины шигшээ баг гурван том тэмцээний шувтаргын тоглолтод хожигдсон билээ. Тодруулбал, 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын төлөөх тоглолтод Германд 1:0-ийн харьцаатайгаар хожигдсон бол сүүлийн хоёр “Copa America”-гийн шувтаргын тоглолтод торгуулийн цохилтоор ялагдсан юм. Мөн 2007 оны “Copa America”-гийн финалд Бразилтай тоглох үеэр Месси торгуулийн цохилт алдаж байжээ.
Ням гарагт болсон “Copa America”-гийн шувтаргын тоглолт 120 минут үргэлжлэн 0:0-ийн харьцаатайгаар өндөрлөсний дараа торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахаар болсон юм. Ингээд Чилийн шигшээ баг 4:2-ын харьцаатайгаар хожсон байна.
Г.Доржханд