Тунисын залуу тамирчин Олимпын алтан медаль хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
anudaritsagaan@gmail.com
2021-07-26 11:41:34

ТОКИО. /ALJAZEERA/. Токиогийн Олимпын наадамд усан сэлэлтийн төрлөөр оролцсон Тунисын өсвөр насны тамирчин Ахмед Хафнауиг тэмцээний эхэнд хэн ч анзаарч хараагүй боловч барианд орох үедээ бүхний анхаарлыг татаж чадлаа.  


Тунис улсын усан сэлэлтийн тамирчин А.Хафнауи нь ням гарагт болсон эрэгтэйчүүдийн 400 метрийн өврөөр даллах буюу чөлөөт сэлэлтийн төрөлд мэргэжлийн тамирчдыг ялснаар ийнхүү 18 насандаа Олимпын аварга болжээ.


Харин Австралийн тамирчин Жэк Маклуфлин тус тэмцээнд мөнгөн медаль, АНУ-ын тамирчин Кьеран Смит хүрэл медаль хүртсэн байна.




А.Хафнауиг 3 минут 43.26 секундын дотор барианд орох үед 15000 хүний ​​суудалтай хоосон шахуу цэнгэлдэхэд үзэгчид чангаар хашхиралдан түүний ялалтыг тэмдэглэж байлаа.


Тунисын тамирчин энэ талаараа, "Би барианд хамгийн эхэнд ирснээ мэдсэнийхээ дараа л өөрийгөө түрүүлсэн гэдэгт итгэсэн" хэмээн хэлжээ. Мөн тэрбээр, "Ус руу үсрэн орох үедээ хугацааны тухай биш медалийн тухай л бодож байсан" гэв.


Залуу тамирчин А.Хафнауигийн талаар юу мэдэх вэ? гэж АНУ-ын тамирчин К.Смитээс асуухад, "Үнэндээ юу ч мэдэхгүй байна" хэмээн хариулсан байна.


Ингэснээр А.Хафнауи усан сэлэлтийн төрөлд Олимпын алтан медаль хүртсэн Тунисын хоёр дахь тамирчин болжээ. Тодруулбал, тус улсын усан сэлэлтийн тамирчин Оуссама Меллоули 2008 оны Бээжингийн Олимпын 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэн юм. Тэрбээр Олимпын гурван медальт алдартай тамирчин билээ.


Өдгөө 18 настай усан сэлэлтийн тамирчин хүү А.Хафнауи Хойд Африкийн орныхоо дөрөв дэх Олимпын алтан медальт тамирчин болсноос гадна Африк тивээс усан сэлэлтийн төрөлд Олимпын алтан медаль хүртсэн хамгийн залуу хоёр дахь тамирчин болж байна.


"Би эх орныхоо далбааг мандаж, төрийн дууллаа эгшиглэхийг сонсоод нулимс дуслуулсан. Их сайхан байлаа. Миний бие үүгээрээ маш их бахархаж байна. Энэхүү амжилтаа Тунисын бүх ард түмэндээ зориулж байна" гэж А.Хафнауи ярьжээ. 

Холбоотой мэдээ