Япон Улсад ажлын айлчлал хийсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юу амжуулав?

ТОЙМ
batbold.sh@montsame.gov.mn
2021-07-26 21:09:44
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн долоодугаар сарын 21-25-нд Япон Улсад хийсэн ажлын айлчлал өндөрлөллөө. Энэхүү айлчлал түүний анхны гадаад айлчлал байв. Гэхдээ хоёр орны цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон ажил хэрэгч төдийгүй цар тахлын хүнд үед хязгаарлагдмал нөхцөлд Японы Токио хотноо эхэлсэн Зуны XXXII олимпын нээлтэд оролцсон 11 улсын төр засгийн тэргүүний нэг болсноороо Япон улстай гуравдагч хөршийн бодлого, нөхөрсөг харилцаагаа бататгасан, “Ковид-19” цар тахлын үед Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлж, ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулах боломж олгосонд талархсан монголын ард түмний халуун сэтгэлийг илэрхийлсэн айлчлал боллоо.


Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито болон Ерөнхий сайд Ё.Сүга нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ цар тахлын хүнд үед эхэлж буй олимпын наадмын нээлтэд цаг зав гарган хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, энэхүү ажлын айлчлал нь хоёр орны найрсаг харилцааг цаашид ажил хэрэгч агуулгаар баяжуулах өндөр ач холбогдолтой айлчлал болж байгааг онцолж байсан юм. Мөн Японы “Киодо цүүшин” хийгээд “Майничи” зэрэг томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас нэг жилээр хойшлон эхэлж байгаа Токиогийн олимпын нээлтэд зохион байгуулагч улстай эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлж Японд хүрэлцэн ирсэн өндөр дээд хэмжээний зочин 11 улсын төр засгийн тэргүүнүүдийн нэг нь Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ байлаа хэмээн мэдээлсэн юм. Япон улс найрсаг харилцаатай, олимпын наадамд тамирчдаа илгээсэн боломжит бүхий л оронд олимпын наадмын нээлтийн урилга илгээсэн ч коронавирусний нөхцөл байдалтай холбоотой ихэнх нь татгалзсан болохыг ч тэд онцолж байв. 


Ажлын айлчлалын хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн ажил хэрэгч уулзалт хийж, Япон улстай хамтран Монгол Улсад ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэх боломжтой томоохон төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааны талаар ярилцаж тодорхой шийдэлд хүрлээ. Тухайлбал, долоодугаар сарын 22-нд Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай хийсэн албан ёсны уулзалтын үеэр,

1.Монгол, Японы улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгаад талууд санал нэгдсэн байна. 

2.Хөшигийн хөндийд баригдаж ашиглалтад орсон “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөж, дагуул хот, эдийн засаг, мэдээллийн технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцолжээ.

3.Нийслэлийн түгжрэлийг бууруулах үүднээс Улаанбаатар хотыг тойрсон хурдны зам, Богдхан төмөр зам, мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, эдгээр салбарын инженер, боловсон хүчнийг бэлтгэх тал дээр Япон Улстай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

4.Нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц баригдах техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) хийхэд хамтран ажиллах, улмаар Япон улсын туршлагад тулгуурлан ус төрөгчийн цахилгаан станц барих асуудлыг хөндөж ярилцсан байна., 

Түүнчлэн олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж байгаа хоёр талын идэвхтэй хамтын ажиллагааг цаашид НҮБ болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд ашиглах нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн Монгол, Япон улсын Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр амжилттай хэрэгжиж дуусгавар болж байгааг харилцан сайшааж, 2021-2025 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийн агуулгыг ойрын үед тохирохоор болжээ. 

Айлчлалын талаар “Ерөнхий сайдын Япон Улсад хийсэн айлчлал цаашид хоёр орны хамтын ажиллагаа ямар байх вэ, ямар тэргүүлэх чиглэлд бид хамтарч ажиллах ёстой вэ гэдгийг тодотгож өгөх ач холбогдолтой байлаа. Хоёр тал аль болох цар тахлын өмнөх үеийн хамтын ажиллагаандаа эргэж очих, илүү хурдан хамтын ажиллагаагаа сэргээж, хөгжүүлэх сорилттой тулгарч буй. Энэ чиглэлээр хоёр тал цаг алдахгүй ярилцаж байгаа нь цаг үеэ олсон,  айлчлалын ач холбогдлыг өргөсөн явдал боллоо” хэмээн ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын  захирал Э.Сарантогос хэлж байна.

Хоёр орны хооронд шинээр хэрэгжүүлэх стратегийн түншлэлийн хөтөлбөрт Монгол, Япон Улсын Ерөнхий сайд нарын энэ удаагийн уулзалтын үеэр харилцан санал солилцож, ажил хэрэг болгохоор тохирсон төсөл хөтөлбөр, өндөр дээд түвшний харилцан айлчлалууд болон бусад хамтын ажиллагааны талаар тусах нь ойлгомжтой болов уу.


Ирэх 2022 онд Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Энэхүү түүхэн ойг хоёр улс ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ажлын айлчлалын үеэр тохиролцлоо. Тухайлбал, Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхитог Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчлахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнтэй уулзах үеэрээ урьсан юм. Мөн Ерөнхий сайд Ё.Сүгагийн дэвшүүлсэн Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жил 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарлах санал гаргасныг Монголын тал талархан хүлээж авсан байна. Энэ хүрээнд, ирэх жил хоёр талаас улс төр, бизнес, төрийн алба, соёл урлагийн төлөөлөл болсон 50 шилдэг залууг харилцан илгээж, солилцооны үйл ажиллагаа зохион байгуулахаар талууд санал нэгджээ.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японд ажлын айлчлал хийх үеэрээ АНУ-ын тэргүүн хатагтай Жил Байден, Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон нартай уулзаж, хоёр талын харилцааны талаар элэгсэг дотно ярилцсаны зэрэгцээ Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, “Ковид-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Японы ХӨСҮТ-ийн захирал Т.Вакида нартай  уулзаж Япон дахь коронавирусний дельта хувилбарын тархалт, вакцины дархлаажуулалтын үр нөлөө, эмийн хэрэглээ, хүндээр өвдсөн өвчнүүдэд чиглэсэн эмчилгээний тухай тодруулж, мэдээлэл авсан төдийгүй цар тахлын энэ үед Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжлийн туслалцааг шуурхай өгч байхыг хүслээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн Японы эрх баригч Либерал Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, тус бүлгийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Такэбэ, гишүүн Т.Кобаяши нартай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэхэд чиглэсэн ажил, үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулах талаар ярилцжээ. 


Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан С.Хүрэлбаатар энэ удаагийн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын талаар “Япон Улс бол Монгол орны ардчилал, өөрчлөлт шинэчлэлтийг эхнээс нь дэмжиж улс төр, эдийн засаг, санхүүгийн, хүмүүнлэгийн дэмжлэг үзүүлж ирсэн манай гурав дахь хөрш. 1990 оноос хойш Японы 4 Ерөнхий сайд Монголд 6 удаа айлчилсан. Монголын 12 Ерөнхий сайд Япон Улсад айлчилсан. Дээд хэмжээний уулзалт болгон харилцаагаа урагш ахиулах, бодлогоо нотлоход чиглэж байдаг. Л.Оюун-Эрдэнэ, Ё.Сүга нарын уулзалт ч бие биенийхээ талаарх бодлогоо харилцан нотлох, санал солилцон, тодорхой тохиролцоонд хүрсэн чухал үйл явдал боллоо. Японы тал Монголын санхүү, эдийн засгийн байдлыг сайжруулах, хөгжилд нь хэрэгтэй тус дэмийг цааш нь үзүүлнэ гэдгээ нотоллоо. Тухайлбал хоёр орны худалдааг өсгөе, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье, буцалтгүй тусламж зээлийг зүгээр сул өгөөд байдгаас тодорхой төсөлд хөрөнгө оруулах хэлбэрээр хамтын ажиллагааг урагшлуулъя гэсэн нь шинэ зүйл байлаа. Монгол Улсын гурав дахь хөршийн бодлогыг цааш нь гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал боллоо гэж бүхэлд нь дүгнэж байна” гэжээ. 






Холбоотой мэдээ